ОЮУ ТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“Монкон Констракшн” ХХК нь 2017 оноос эхлэн дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт болох Оюу толгой төслийн ил болон далд уурхайн барилга угсралтын ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж байна. 

ХАМТРАН АЖИЛЛАХ

Уурхайн хатаалга, оффис болон удирдлагын өрөөний барилга

Тус барилга нь Оюу толгой – Гүний уурхайн төслийн үндсэн барилгуудын нэг бөгөөд гүний уурхайн ажилчдын усанд орох, хувцас солих, хувцас угаалга, хатаалгын хэрэгцээг хангах зориулалттай юм. Үүнээс гадна гүний уурхайн тоног төхөөрөмжүүдийн удирдлагын өрөө, ажилчдын оффисын өрөөнүүдийг багтаасан. Босоо ам#2-ын хажууд байрлах уг барилга нь тэнхлэгээрээ 98,4мх95,4м харьцаатай, үндсэн хийц нь цутгамал төмөр бетон суурь, түүн дээр суугдах угсармал төмөр бетон багана, дундаа арматурчлалтай бетон блокон өрлөг диафрагм хана, метал карказ, полиуретан хөөсөн дулаалга бүхий сэндвич хавтан хана, дээврээс бүтсэн нийлмэл хийцтэй ба 2-р давхрын шал нь Bondeck Structural Steel Deck буюу ган настилан хучилт болон түүн дээр цутгагдах төмөр бетонон хучилтаас бүтсэн гэх мэт барилга угсралтын нарийн технологи хийцлэлүүдийг цогцлоосон 2 давхар барилга юм.

Манай компани уг төсөл дээр Моннис Интернэйшнл ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд барилгын карказ болон дотор заслын ажлуудыг хариуцсан гүйцэтгэж байна. Бидний ажлын цар хүрээнд метал хийцлэл 985тн, газар шорооны ажил 57000м3, төмөр бетон угсралтын ажил 5800м3, дундаа арматурчлалтай бетон блокон өрлөг диафрагм ханын ажил 8190м2, гадна хана, дээврийн сэндвич хавтан угсралтын ажил 13600м2 багтсан.  Төслийн явц одоогоор дотор заслын шатандаа үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 450 мянга орчим хүн цаг аюул осолгүй ажилласан ба төлөвлөгөөний дагуу 2018 онд багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Уурхайн хатаалга, оффис болон удирдлагын өрөөний барилга
Оюу толгойн гүний уурхайн Босоо ам #2-ын ил барилга байгууламжууд

Оюу толгойн гүний уурхайн Босоо ам #2-ын ил барилга байгууламжууд

Бид Оюу Толгойн далд уурхайн Босоо ам №2-ын гадарга дээрх барилга байгууламжуудын барилга угсралт, засвар, нураалт, буулгалт, түр оффис болон түр гэрэлтүүлгийн цахилгааны угсралтын ажил зэрэг төслүүд дээр 2017 оноос хойш Монаделфус Монголиа ХХК–тай  хамтран ажиллаж байна. Бид Босоо ам #2-оос гарах түүхий эдийн туузан дамжуурга угсрагдах налуу туннелийн байгууламжийг өөрчлөн шаардлагатай нураалт, төмөр бетон хучилт цутгалтын ажлуудыг гүйцэтгэж дууссан ба Босоо ам #2-ын эргэн тойрны хучилт, сууриудын цутгалт, Босоо ам #2-ын урд торосон татуургын байгууламжийн нураалтын ажил, мөн Босоо ам #1-ийн туслах барилгуудын газар шороо, барилга угсралт, засварын ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд тус төсөлд өнөөдрийг хүртэл 250 мянга орчим хүн цаг аюул осолгүй ажиллаж байна.

Мөн 2018 оны 8 сараас ажлын цар хүрээгээ нэмэгдүүлж Босоо ам #2-оос гарах түүхий эдийн туузан дамжуурга, конвейрын угсралт болон Босоо ам #2-ын хөрсний ус зайлуулах байгууламжийн барилга угсралт болон инженерийн шугам сүлжээ угсралт зэрэг ажлуудыг албан ёсоор эхлүүлээд байна.

Босоо ам #2-оос гарах түүхий эдийн туузан дамжуургын угсралтын ажил

Бид газрын гүнээс гарах түүхий эдийг хагас боловсруулах байгууламж болон агуулах руу дамжуулах туузан дамжуургын систем буюу Босоо ам #2-ын туузан дамжуурга болох CVB2030 конвейрын угсралтын ажлыг эхлүүлээд байна. Босоо ам #2-оор дамжин ирэх материалыг газрын гадаргаас доош 24м гүнд хүлээн авч, газрын гадарга хүртэлх дамжлагыг угсарч байна. Уг угсралтын ажил нь Босоо ам #2-оос гарах түүхий эдийн туузан дамжуургын 8%-н налуутай туннелийн хэсэгт хийгдэх юм.

Босоо ам #2-оос гарах түүхий эдийн туузан дамжуургын угсралтын ажил
Босоо ам #2-ын хөрсний ус зайлуулах байгууламжийн иж бүрэн барилга угсралтын ажил

Босоо ам #2-ын хөрсний ус зайлуулах байгууламжийн иж бүрэн барилга угсралтын ажил

Энэ төсөл нь Босоо ам #2-той холбогдож буй ойр орчмын байгууламжуудын хөрсний усыг шавхах зориулалттай хөрсний ус шавхах байгууламжийн иж бүрэн барилга угсралтын ажил юм. Тус төслийн хүрээнд газар шороо, төмөр бетон суурь, метал карказ, полиуретан хөөсөн дулаалгатай сэндвичэн хана, дээврийн угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулалт, дотор инженерийн шугам сүлжээний угсралтаас гадна 130м3 болон 54м3 багтаамжтай, төмөр бетон хийцлэлтэй, шингэн агуулах танкны төмөр бетон цутгалтын ажлууд хийгдэх юм. Уг ажил нь одоогийн байдлаар Оюу толгой уурхайн талбайд эхлэн үргэлжилж байна.

Хүсэлт илгээх