ИЖИЛ БАЙРШИЛД, ЯЛГААТАЙ ҮНЭТЭЙ ХОЁР ОРОН СУУЦНЫ АЛИЙГ СОНГОХ ВЭ?

Бидний амьдрал олон арван сонголтуудын дунд өрнөдөг. Тэдгээрийн дундаас хамгийн амаргүй шийдвэр бол амьдрах байраа сонгох сонголт. Өөрөөр хэлбэл энэ нь биднээс багагүй хэмжээний санхүүгийн зардал, цаг хугацааг шаарддаг. Та ганцхан байр худалдан авдаггүй бөгөөд тухайн барилгын компаний туршлага, гадна зам талбайн төлөвлөлт, барилгын цаашдын ашиглалтын үйлчилгээ зэргээс гадна хамгийн гол нь ирээдүйн аз жаргал, ая тухтай амьдралын түлхүүрээ хамтад нь худалдан авч буйгаа санаарай.  Гэвч та энэхүү чухал сонголтыг хийхдээ алдаад байгаа юм биш биз?

Шинэ орон сууц худалдан авахдаа бид хамгийн түрүүнд интернет, сонин, сэтгүүл дээрх зараас хайдаг. Энэ нь ч гарцаагүй юм. Харин үүний үр дүнд бид олон газруудын сайхан нийтлэлүүд, өнгөлөг зураг, сайшаал магтаалаар дүүрэн рекламуудыг олж үздэг. Эхнээс нь утсаар залгана, очиж уулзана. Олон сонголтод төөрч орхидог нь нууц биш.

Ер нь орон сууц худалдан авах хамгийн чухал шалгуур нь юу вэ? Үнэ чухал ч хамгийн хямдыг нь бүү сонго гэдгийг үл хөдлөхийн мэргэшсэн агентууд зөвлөдөг. Хэрвээ тийм бол та өөрөө сонирхож буй орон сууцандаа хэрхэн үнэлгээ хийх вэ? Жишээ нь:

Яг ижилхэн байрлалтай 2 барилгын үнэ өөр байна гэж бодьё. Цаашлаад барилгын ерөнхий хийц нь ч гэсэн адилхан. Гэтэл үнийн ялгаа нь чухам юунд байна вэ? Хэрвээ та ийм нөхцөл байдалтай тулгарвал яах вэ? Энэ тохиолдолд та шууд хямдыг нь сонгох нь тийм ч зөв хувилбар биш.  Учир нь бид зөвхөн барилга худалдан авдаггүй шүү дээ. Дахин сануулахад энэхүү байр, орон сууцтай миний бөгөөд гэр бүлийн маань цаашдын амар тайван амьдралын эх ундарга, аз жаргалын цөм оршиж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

 

 

Тэгвэл дээрх тохиолдолд үнийн зөрүү нь чухам юундаа байгааг мэргэжилтнүүд дараах нөхцөл, шалтгаанаар тайлбарласан байна.

  • Барилга, орон сууцны дараагийн үйлчилгээ буюу ашиглалтын үеийн сервис хэр сайн бэ? гэдгийг сайтар судлах. Энэ бол таны худалдан авах орон сууцны үнэ цэнийг бий болгох хамгийн чухал хүчин зүйл юм.
  • Төсөл хэрэгжүүлж буй компаний туршлага, нэр хүнд, хүний нөөцийн бодлого, тухайн төслийн багийн туршлага, чадвар нь хүртэл таны орон сууцны үнэлэмжид нөлөөлж байдгийг санаарай.
  • Төслийн ерөнхий төлөвлөлт, түүний зам талбай, гадна орчин, гэрэлтүүлэг, тоглоомын талбай нь ч үнийн үзүүлэлтэд нөлөөлдөг. Эдгээр зүйлсийг сайтар харьцуулж үзэх хэрэгтэй.
  • Төв замаас алсдагдсан зай, хотхоны орох гарах гарцын төлөвлөлтийг ч мөн анхаарахгүй орхиж болохгүй. Яг ижил байрлалтай ч, төв зам, автобусны буудал, үйлчилгээний төв, төв замын эргэлтийн тойрог зэргээс алдслагдсан зай ч таны худалдан авах орон сууцны үнийн дүнд нөлөөлөх нь тодорхой.
  • Орц, нийтийн эзэмшлийн талбай, давхар дундын талбайн хэмжээ, цахилгаан шат, шатны хонгил ч мөн чухал. Хэрэв тухайн хотхоны эхний ээлжийн барилгууд ашиглалтад орсон бол та эдгээр зүйлсийг хэрхэн төлөвлөж, хэр ашиглаж байгааг харахад тун амар байх болно.
  • Орон сууцны дотоод тоноглол, шал, цонх, хаалга, дотор хаалга, сан техникийн тоноглол, шугам хоолой, цахилгааны тоноглол зэрэг энгийн мэт санагдах зүйлс ч  таны гэр бүлийн өдөр тутмын амьдралын аюулгүй, тав тухтай байдлыг хангаж байдгийг, эдгээр нь орон сууцны үнэ цэнэтэй салшгүй холбоотойг харгалзаж үзэх хэрэгтэй.
  • Хамгийн сүүлд танд зөвлөхөд, таны худалдан авах орон сууцны үнэ цэнэ таны хөршийг тодорхойлдог болохыг санаарай.

Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан адилхан байршилтай ч үнийн зөрүүтэй орон сууцнууд худалдаалагддаг байна. Тиймээс заавал өөрийн биеэр төслийн талбайтай танилцан, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ та орон сууц худалдан авахаар хайж байгаа бол манай борлуулалтын менежерүүд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.