ОРОН СУУЦНЫ ИХ ХЭМЖЭЭНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ЮУНД ХҮРГЭХ ВЭ?

ОРОН СУУЦНЫ ИХ ХЭМЖЭЭНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ДУНДААС САЙН ТӨСӨЛ, ЧАНАРТАЙ ОРОН СУУЦ Л ӨРСӨЛДӨӨНД  ЯЛНА

2017 оны байдлаар Улаанбаатар хотын 380 мянга гаруй өрхийн 43% нь орон сууцанд амьдарч байна. Харин “Тэнхлэг зууч” ХХК-иас иргэдийн дунд явуулсан судалгаанаас харахад ойрын 5 жилд нийслэлд 217 мянга гаруй өрхийн орон сууцны эрэлт хэрэгцээ байгаа аж. Орон сууцанд амьдрах хүсэлтэй эдгээр өрхийн 80% нь нэг м.кв нь 1.2 сая төгрөгийн үнэтэй 40-60 м.кв талбайтай орон сууцанд амьдрах хүсэлтэй, санхүүгийн боломжтой гэсэн байна. 

Гэвч зах зээл дээр орон сууцны дундаж үнэ 1.6-2.5 сая төгрөг буюу өрхийн орлоготой нь харьцуулахад хамаагүй өндөр үнэлгээтэй байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн оноос Монгол улсын эдийн засаг сэргэж, бизнесийн үйл ажиллагаанууд идэвхжиж, зогсонги байдалд орсоод байсан барилгын төслүүд хөдөлж, орон сууцны нийлүүлэлт өсч байгаа.

Нөгөө талаас орон сууцны худалдан авалтыг дэмжих ипотекийн зээлийн санхүүжилт урьд жилүүдтэй харьцуулахад эрс багассан, өрхийн орлого бага, иргэдийн цалин өсөөгүй, хуримтлал хийдэггүй зэрэг хүчин зүйл нь 2018 оныг хамгийн их орон сууцны илүүдэлтэй (6607 айлын орон сууцны илүүдэл) жил болгож байна.

Гэхдээ орон сууцны зах зээл дээрх хэт их нийлүүлэлт нь худалдан авагчдад ашигтай нөхцөлийг бий болгож байгаа билээ. Учир нь хэт их нийлүүлэлт нь салбарын өрсөлдөөнийг улам хүчтэй болгож худалдан авагчдад ашигтай сонголт хийх боломжийг улам нэмэгдүүлсээр байна. Цаашлаад орон сууцны томоохон төслүүд нь байгальдаа, хүндээ ээлтэй, сүүлийн үеийн дэвшилтэд технологи, эко материал ашиглаж, барилгын чанар стандартдаа илүү анхаарал хандуулдаг болсон байна. Түүнчлэн төлбөрийн уян хатан нөхцөлийг бий болгож, үйлчилгээний соёл, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг чухалчилдаг болсон зэрэг нь худалдан авагч та бидэнд сайн чанарын, боломжийн үнэтэй, тав тухтай орон сууцыг сонгох бүрэн бололцоог олгож байгаагаараа олзуурхууштай юм.