ХОЙЧ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

“Тогтвортой хөгжил” хэмээх нэр томъёо нь нэлээд олон арван жилийн түүхтэй.

1972 онд Стокгольм хотноо чуулсан НҮБ-ын хүрээлэн буй орчны асуудлаар хийсэн хурлын тунхгаас эхтэй гэж үздэг бөгөөд 1992 онд Бразилийн Рио де Жанейро хотод чуулсан “Байгаль орчин ба хөгжил” сэдэвт НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтаас “Хөгжлийн хөтөлбөр-21” баримт бичгийг баталснаар тогтвортой хөгжлийн асуудал дэлхий нийтийн эрхэм дээд зорилго болсон гэж үздэг.

Ийнхүү 2012 онд чуулсан РИО+20 чуулганаар тус оноос хойш дэлхийн улс орнуудын баримтлах хөгжлийн бодлогыг “Тогтвортой хөгжил” гэж тодорхойлсон. Өнөө болон хойч үеийнхний тогтвортой ирээдүйг баталгаажуулахын тулд эдийн засаг, нийгэм болон байгаль орчны харилцан уялдаа, нөлөөллийг цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцолж, “Бидний хүсэж буй ирээдүй” баримт бичгийг баталжээ.

Тогтвортой хөгжлийн зорилго гэж юу вэ?

Товчоор тайлбарлавал, 2015 онд НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүд “Тогтвортой хөгжлийн 17 зорилго” бол хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж гүйцэтгэх ёстой “гэрийн даалгавар” юм гэдгийг санал нэгтэйгээр дэмжсэн.

Тэгвэл манай орны хувьд 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч буй эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно гэж зорьсон байдаг аж.

Тиймээс хүн бүр хувь нэмрээ оруулж байж бид эдгээр зорилгуудад хүрэх учиртай. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмээс эхлээд олон нийт ч үүнд багтана. Эдгээр зорилгууд эх дэлхий дээр амьдран суугаа 7 тэрбум хүнд бүгдэд нь нөлөөлөхүйц учир хүн бүр тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэл, дадалтай байх нь нэн чухал юм. Ингэж байж л бид хамтдаа илүү сайхан дэлхийг цогцлоож чадна шүү дээ.

БАЙГАЛЬ ОРЧИН-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Байгаль орчны үндсэн тулгуур асуудлууд нь уур амьсгалын зохицуулалт, байгалийн нөөц болон биологийн төрөл зүйлийг хамгаалах, хүнсний үйлдвэрлэл болон байгалийн усны хангамжийн асуудлууд болно. Энэ бүхэн хүмүүс биднийг байгалийн цэвэр ургамал, органик хүнс хоолоор хангах нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм учраас хөрс, ургамал, ан амьтныг хамгаалах, зөв зохистой ашиглах, төрөл бүрийн химийн бодис, пестицидээс татгалзах, бэлчээрийн мал аж ахуй болон органик тэжээлээр тэжээдэг фермерийн аж ахуйг хөгжүүлэх, байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах талаар байнга бодолцож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал юм.

Эх дэлхий - Эх дэлхийнхээ байгалийн нөөц, уур амьсгалыг хойч үеийнхээ төлөө хамгаална

Хөгжил цэцэглэлт - Элбэг дэлбэг, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах байдлыг хангана

ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭЦГЭЭЕ

Та тогтвортой хөгжлийн зорилтуудыг доорх холбоосоор орж үзээрэй.

http://sdg.1212.mn/Home/Not_indicators