Интерьерээ бүтээхэд тань туслах аппликейшнүүд

HOUZZ APP

Орон сууцандаа засвар хийх, тавилгаа өөрчлөн шинэчлэх үе ихэнх хүнд л тохиолддог. Энэ үед та хаанаас санаа авдаг вэ? Ийм л болгочих юмсан гэсэн хүсэл хүн бүрд байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл та Houzz апп-ийг утсандаа татан авч, тоолшгүй их зургаас санаа авах, орон сууцныхаа дизайныг өөрөө гаргах боломжтой.

Санаа сэдэл авч болохуйц асар олон интерьерийн зураг байхаас гадна хамгийн шилдэг боломж нь та сонирхсон тавилгуудаа утасныхаа камерыг ашиглан виртуалиар байрлуулан харах боломжтой.

Давуу тал: Houzz аппликейшний 8 сая гаруй өндөр чанартай интерьер, экстерьерийн зургуудаас та өрөө, байршил, хэв маяг зэрэг олон шүүлтүүрээр хайлт хийн, ашиглахаар сонгосон зургуудаа хадгалах, шэйрлэх боломжтой. Мөн сая сая тавилга хэрэгсэл, барилгын материалын талаар мэдээлэл авч, худалдан авах ч боломжтой. Нөгөөтэйгүүр Houzz нь тавилга хэрэгслийн асар том онлайн дэлгүүр юм.

Энд засал чимэглэл, архитектор, дизайны 1 сая гаруй мэргэжилтэн, компани бий. Тэдэнтэй холбогдон зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтойн зэрэгцээ бусдын зурагт асуулт, сэтгэгдэл бичих, хэлэлцүүлэг үүсгэх, дагах боломжтой. Нэг ёсондоо Houzz-ийг энэ салбарынхны сошиал сүлжээ гэсэн ч болно.

“Нью Йорк Таймс” сэтгүүл Houzz-ийг орон сууцаа сайжруулах хамгийн шилдэг апп-уудын нэгээр нэрлэж байсан бол Вашингтон Пост “Интерьер, экстерьер дизайны Википедиа” хэмээн үнэлж байжээ.

Сул тал: Монголоос холбогдож байгаа тохиолдолд дэлгүүрээс нь бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж хязгаарлагдмал байх. Мөн монгол хэрэглэгчид харьцангуй цөөн.

MAGICPLAN

Та аппликейшний зааврын дагуу зургуудаа авахад л байрны тань ерөнхий план зургийг, хэмжээнүүдтэй нь шууд гаргаад ирнэ. Та урьд нь метрээр хэмжээ аваад л, цаасан дээр зураад л бөөн юм болдог байсан бол одоо ерөөсөө болих цаг болсон. Энэ Magicplan-ийг л суулгачих. Таны халаасанд байрны тань хэмжээ, план зураг байнга явж байна гэсэн үг. Мөн план зураг дээрээ тэмдэглэгээ хийж, объектууд оруулж өөрийн хүссэн төлөвлөлтийг хийх боломжтой.

IKEA HOME PLANNER

Алдартай тавилга үйлдвэрлэгч IKEA нь үйлчлүүлэгчдэдээ тусгайлан зориулсан үнэгүй онлайн нөөцийг бий болгосон бөгөөд энэ нь өөрсдийн гараар IKEA-ийн тавилгаар интерьер хийх, мөн зардлаа тооцох боломжтой. Ингээд төлөвлөсөн интерьерийнхээ дагуу сонгосон тавилгаа бэлэн мөнгөөр худалдаж авах боломж олгодог. Тус апп-д ажиллахын тулд ямар нэгэн тусгай ур чадвар шаардагддаггүй, бүх зүйл энгийн бөгөөд тохиромжтой байдаг.

Ер нь таны сонгосон интерьер бодит байдал дээр хэрхэн харагдах талаар бүрэн ойлголттой болох боломжийг танд олгоно.

COLOR CAPTURE

Тус апп хэдийгээр жижигхэн ч гэрээ тохижуулж буй хүмүүс, ер нь л өнгөний зохицол хүсэж хайж байгаа бүх хүнд хэрэгтэй. Benjamin Moore хэмээх будаг үйлдвэрлэгч компани гаргасан бөгөөд хийдэг гол үйлдэл нь таалагдсан өнгөнийхөө зургийг авахад зохицох өнгүүдийг нь шууд гаргаж ирж танд санал болгох юм. Таалагдаагүй зүйл гэвэл энэ өнгийн будгаа манайхаас аваарай гэж гарч ирээд байдаг юм билээ.

ZILLOW DIGS

Үл хөдлөхийн гигантуудын нэг болох Zillow компанийн гаргасан “Zillow Digs” хэмээх энэ апп-ыг Houzz-т таалагдах зүйл гарч ирэхгүй үеийн нөөц (backup) байдлаар хэрэглэхэд илүү тохиромжтой.

Үндсэн үйлдлүүд нь бараг ижилхэн бөгөөд зөвхөн iOS үйлдлийн систем дээр байдаг дутагдалтай. Та зурган дээрх хананы, эсвэл тавилгын өнгийг өөрчилж харах болон яг зурган дээрх байдлаар гэрээ тохижуулбал хэр их мөнгө орох зэрэг тооцооллыг харах боломж нь тун дажгүй.