САНХҮҮГИЙН ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ ТАНЫГ ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТУСАЛНА

Хүн бүрд хүсэл мөрөөдөл бий. Хүсэл мөрөөдөлгүй хүн далавчгүй шувуутай эсвэл бурхангүй шашинтай адил. Хувь хүний санхүү төлөвлөлт гэдэг нь өөрийн санхүүд зөв зүйтэй зохицуулалтуудыг хийж өмнөө тавьсан амьдралын зорилгууддаа хүрэхийг хэлнэ. Таны амьдралын зорилго, хүсэл мөрөөдөлд орон сууцтай болох, шинэ машин авах, хүүхдээ гадаадад сургуульд сургах, үнэт эдлэл авах, дэлхийг тойрон аялах, сурч боловсрох, өөрийн бизнесийг эхлүүлэх гэх мэт олон зүйлс байж болно. Энэ бүх хүсэл мөрөөдөл, зорилгуудаа биелүүлэхэд мөнгө ямар нэг хэмжээгээр заавал оролцдог учир хувийн санхүүгийн төлөвлөгөөгүйгээр биелүүлнэ гэдэг бараг л боломжгүй.

Хувь хүн өөрийн санхүүгээ зөв төлөвлөж, амьдралынхаа баталгаагаа хангаж чадвал улс орны эдийн засаг ч дагаад тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр санхүүгийн, тэр дундаа, хувь хүний санхүүгийн мэдлэг боловсрол, түүнийгээ оновчтой, үр ашигтай зарцуулах талаар тооцоо, төлөвлөгөөтэй байх ёстой.

Иймээс өнөөдрийн гаргах санхүүгийн шийдвэрийг зөв тооцож, тодорхойлж гаргахгүй бол үр ашиггүй, ач холбогдолгүй, буруу шийдвэр гаргаж болзошгүй. Өөрөөр хэлбэл, үр өгөөж хүртэхгүй, үрэлгэн зардал гаргаснаар ирээдүйд олж болох ашгаасаа татгалзаж байна гэсэн үг юм.

Хувь хүний санхүүгийн мөн чанар

Хүн өнөөдрийн олсон орлогоо өдөрт нь бүгдийг зарцуулахгүй маргааш, эсвэл бүр алс хэтэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх зорилго тавих ёстой. Иймд амьдралын тодорхой зорилготой, түүндээ хүрэх санхүүгийн зорилготой байх нь зайлшгүй чухал юм. Хувь хүн, өрх гэр, компани, улс орон аль аль нь ялгаагүй ямагт үр ашиг муутай хөрөнгө оруулалтаас татгалзаж, ирээдүйн үр ашигтай хөрөнгө оруулалтад тэмүүлэх хэрэгтэй.

Хувь хүний санхүүгийн зорилго, үүрэг

Хувь хүний санхүү бол санхүүгийн тогтолцооны үндсэн гол хэсэг төдийгүй оршин тогтнох үндэс суурь нь юм. Учир нь хувь хүн, өрх гэрийн орлогын дахин хуваарилалт байхгүй бол компани үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ямар ч утга учир, ач холбогдол байхгүй, аж ахуйн нэгж компани байхгүй бол улс орны үндсэн гол татвар төлөгч байхгүй, энэхүү төр засгийн орлогын эх үүсвэр байхгүй бол улс орон оршин тогтноход хэцүү билээ.

Хувь хүний санхүү нь аж ахуйн нэгж, төр засгийн газартай адил үндсэн 3 үүргийг гүйцэтгэх ёстой. Үүнд:

1. Хуваарилах: Хувь хүн өнөөдөр олсон орлогоосоо хэдийг нь, юунд, хэзээ хуваарилах талаар ямагт шийдвэр гаргаж байдаг

2. Хянах: Хувь хүн өөрсдийн олж байгаа орлого, гарч байгаа зардлуудыг байнга хянаж, бүртгэж тооцдог байх ёстой

3. Зайлшгүй санхүүгийн нөөц бүрдүүлэх

Хувь хүний санхүүгийн зарцуулалт

Хувь хүн санхүүгийн шийдвэр гаргахдаа дараах зарчмыг зайлшгүй баримтлах шаардлагатай. Үүнд:

• Тооцоотой байх: Олсон орлогоосоо үндсэн зардлаа хангаад, тодорхой хэмжээний ахиу орлоготой буюу ашигтай үлдэх

• Төлөвлөгөөтэй байх: Чиглэсэн зорилго, төлөвлөгөөтэй байх нь орлого, зарлагаа оновчтой удирдах удирдамж, чиглэл болно

• Санхүүгийн нөөцийг тасралтгүй, оновчтой бүрдүүлэх: Өөрийн үндсэн хэрэгцээг хангах хэмжээний орлоготой байх, түүнийг оновчтой бүрдүүлэх

Хувь хүн санхүүгийн дээрх зарчмуудыг мөрдөж, санхүүгээ оновчтой удирдахад санхүүгийн зорилго, төлөвлөгөө хамгийн чухал бөгөөд түүнд тулгуурлан санхүүгийн шийдвэр гаргах ёстой.

ШИГТГЭЭ “Хаана хүрэхээ мэдэхгүй хүн яаж хүрэхээ мэдэхгүй. Хаа нэгэн газар очлоо ч өөрийн очих ёстой байсан газар гэдгээ мэдэхгүй”

Өнөөгийн олж байгаа орлогоосоо хэчнээнийг өнөөдөр хэрэглэж, хэдийг ирээдүйдээ зориулан хадгалах нь зохистой талаар гаргах шийдвэр бол хамгийн чухал шийдвэр юм.

Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр санхүүгийн хэрэгцээ, шаардлага ч өөрчлөгдөж байна. Санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байх асуудал бол зохион байгуулалт сайтай хүний оновчтой мөнгөний удирдлага болон санхүүгийн зөв төлөвлөлтийн үр дүн байдаг. Хувь хүний санхүүгийн төлөвлөлт хэд хэдэн давуу талтай. Үүнд:

- Амьдралынхаа турш санхүүгийн нөөцийг оновчтой бүрдүүлэх, хуваарилах, хадгалж хамгаалах бололцоог нэмэгдүүлнэ

- Санхүүдээ хяналт тавьснаар хэрээс хэтэрсэн өр төлбөр, дампуурал, бусдын хараат болохоос хамгаална

- Зөв сайн төлөвлөлт, үр дүнтэй уялдаа холбоо бүхий санхүүгийн шийдвэрийн үр дүнд хувь хүний нийгмийн харилцаа холбоо өргөжин тэлнэ

- Хувь хүн ирээдүйн зардлаа урьдчилан тооцож, санхүүгийн зорилгодоо хүрэх ба санхүүгийн сэтгэл зовоосон асуудлуудаас ангижирч, санхүүгийн эрх чөлөөг мэдэрнэ.

Бид цаг үргэлж зарцуулж, хадгалж, хөрөнгө оруулж эсвэл мөнгө зээлдэж байхдаа мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн зэрэгцээ алдагдсан боломжийн өртгийг тооцох хэрэгтэй болдог.

Жишээ нь, Та ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх эсвэл худалдан авалт хийх гэж байна уу?

Тэгвэл тухайн хөрөнгө оруулалтынхаа ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох хэрэгтэй. Ойрын үнэ цэнээр тооцон худалдан авалт хийтэл тодорхой цаг хугацааны дараа таны худалдан авалт үнэ цэнээ алдах магадлалтай. Тиймээс та хөрөнгө оруулалт, худалдан авалтынхаа ирээдүйн үнэ цэнийг маш сайн судлах хэрэгтэй. Тухайлбал, хадгаламжийн данснаасаа мөнгөө авч зарцуулснаар хүүний орлого алдах хэдий ч илүү орлого олох, ашиг хүртэх зүйлд хөрөнгө оруулалт хийвэл өгөөж нь илүү байх болно.

Хөрөнгө оруулах: Хүмүүс үндсэн хоёр шалтгаанаар хөрөнгө оруулалт хийдэг. Нэг нь тогтмол ногдол ашиг, хүү төлөх өнөөгийн орлого бүхий хөрөнгө оруулалтыг сонирхдог. Нөгөө нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх хөрөнгө, хувьцаа зэрэг урт хугацаанд өсөх хөрөнгө оруулалтыг сонгодог. Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, ховор зоосны цуглуулга зэрэгт хөрөнгө оруулах замаар хөрөнгөө тараан байршуулж болно.

Хөрөнгө оруулалт, түүний мөн чанар, ач холбогдол

Хөрөнгө оруулалтыг ерөнхий утгаар нь ашиг олж, хөрөнгө мөнгөө өсгөх зорилгоор ямар нэг үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан авах үйл ажиллагаа гэж томъёолдог.

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах шийдвэр гаргах нь урт хугацааны санхүүгийн зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай анхны алхам болно. Зарим санхүүгийн төлөвлөгчид мөнгөн дээр суурилан хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлохыг санал болгодог. Жишээлбэл, 2020 оны 12-р сарын 31 гэхэд би нийтдээ 120 сая төгрөгтэй болно гэх мэт. Харин зарим нь хүсэж байгаа тодорхой зүйл дээр хөрөнгө оруулалтын зорилгыг чиглүүлэхийг илүүд үздэг. Тухайлбал, 2020 оны 12-р сарын 31 гэхэд би одоо амьдарч буй байраа шинэчилж, томруулахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө хуримтлуулна гэх мэт. Ямар ч хөрөнгө оруулалтын зорилго тодорхой, хэмжиж болохуйц, санхүүгийн тодорхой хэрэгцээг хангахуйц байх ёстой. Хөрөнгө оруулалтын зорилго ямагт ирээдүйд чиглэдэг.

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт

Үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх нь инфляцын эсрэг сайн хамгаалалт болдог тул хөрөнгө оруулагчид энэ төрлийн хөрөнгө оруулалтыг сонгодог. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтыг шууд ба шууд бус гэж ангилдаг.

Шууд хөрөнгө оруулалт нь орон сууц, газар, зуслан зэрэг үл хөдлөх хөрөнгийг ашиг олох зорилгоор худалдан авах замаар хийж буй хөрөнгө оруулалт юм. Энэ төрлийн хөрөнгө оруулалтыг дараах зорилгоор хийдэг. Үүнд:

• Амьдран суух

• Инфляцын эрсдэлээс хамгаалах

Худалдан авалтын шийдвэр гаргалт

Хувь хүний худалдан авалтын шийдвэр тухайн хүний хөрөнгийн зарцуулалт, хуримтлал, хөрөнгө оруулалт, хувь хүний санхүүгийн зорилгын хэрэгжилтэд зайлшгүй нөлөөлж байдаг. Иймээс ямарваа худалдан авалт хийхдээ ирээдүйн санхүүгийн баталгааг хангахын тулд орлогоо бүгдийг зарцуулахгүй байх хамгийн энгийн зарчмыг баримтлах нь зүйтэй.

Жишээ нь, Орон сууц худалдан авахад анхаарах зүйлс:

Амьдран суух орон байраа сонгох, түүнийг худалдах, худалдан авах тухай асуудал бол хувь хүн амьдралдаа маш цөөхөн удаа гаргадаг чухал хариуцлагатай шийдвэрийн нэг билээ. Иймээс сэтгэлд хүрсэн зөв сонголтоо хийж, аливаа эрсдэлээс зайлсхийхэд шаардлагатай мэдлэг эзэмшиж, түүндээ тулгуурлан орон байрны төлөвлөлт хийх нь зүйтэй. Хувь хүмүүс цаг зав, хөрөнгө мөнгөө олон хэлбэрээр зарцуулдагтай адил амьдралын хэв маяг ч өөр өөр байдаг бөгөөд энэ нь хэрэглэгчийн худалдан авах сонголтоор дамжин илэрч байдаг. Иймээс тухайн хүний хэрэгцээ, хүсэл сонирхол, хандлага зайлшгүй орон байрны сонголтод нөлөөлдөг. Орон байрны сонголт хийхэд нөлөөлдөг амьдралын хэв маягийн хүчин зүйлсэд зэрэг зиндаа, хувийн үзэл бодол, хүрээлэн буй орчин зэрэг багтана. Амьдран суух орон сууц худалдан авах сонголт хийхдээ дараах зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй.

Үүнд:

- Байрлал (ажил, сургууль, хүүхдийн цэцэрлэгт ойр эсэх, агаарын бохирдол, замын түгжрэл, худалдаа үйлчилгээний хангамж, автобусны буудал хүрэх зай гэх мэт)

- Амьдрах орчин (цонхоор үзэгдэх орчин, тээврийн хэрэгсэл орж гарах зай, ойр орчимд байрлах байгууллага, байгалийн гамшигт өртөх магадлал болон орчны тохижилт)

- Барилгын чанар (бүрэн цутгамал эсвэл блокон дүүргэлт)

- Үнэ (байрлал, барилгын чанар, дотоод засал үнэд нөлөөлнө)

- Байрны үйлчилгээ (харуул хамгаалалт, хашаа, орцны жижүүр, лифтний үйлчилгээ, хогийн цэг)

- Бусад 

Нийтийн болон хувийн эзэмшлийн орон сууц худалдан авах нь өмчтэй болох, сэтгэл ханамж авах, санхүүгийн хөнгөлөлт эдлэх, амьдралын тав тухтай орчин бүрдэх зэрэг ач холбогдолтой. Өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болох нь хувь хүнд сэтгэлийн асар их ханамжийг өгдөг. Түүнчлэн байнга оршин суух хаягтай болох нь нийгмийн харилцаа, санхүүгийн байдалд эерэгээр нөлөөлдөг.

- Манай улсад анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн тухайн орон сууцыг худалдан авахад зарцуулсан 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлж байгаа нь санхүүгийн хөнгөлөлтийн нэг хэлбэр юм.

- Мөн орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгийг албан татвараас чөлөөлдөг

- Орон сууцаа барьцаалан зээл авч болно

- Үл хөдлөх хөрөнгийн үнэ байнга өсөж байдаг

- Өөрийн сонирхолд нийцүүлэн засаж, өөрчлөх боломжтой

- Түрээсийн байрнаас илүү эрх чөлөөтэй байна

- Амьдралын тохь тух хангагдана.