Л.Батхуяг: Барилгын төсөл бондоор 15 тэрбумын санхүүжилт босгосон

Өнгөрөгч оны 9-р сард Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд цоо шинэ хуудас нээгдэж, биржийн бус зах зээл (OTC Market) -ийн арилжаа албан ёсоор эхэлсэн билээ. Ийнхүү мэргэжлийн хөрөнгө оруулагчдад чиглэсэн, олон улсын жишигт нийцсэн ББЗЗ  Монгол Улсад хөгжих эхлэлийн цэг тавигдсан юм. МҮЦАЭХ-оос ажлын хэсэг байгуулагдаж, олон улсын түвшинд судалгаа хийсний үр дүнд өнгөрсөн оны сүүлчээр ББЗЗ -ийн эрх зүйн зохицуулалт бий болж, улмаар нарийвчилсан журмууд батлагдаж, цахим программ хангамж бүтээснээр биржийн бус зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

2021 оны 9-р сарын 3-ны өдөр биржийн бус зах зээлийн анхны захиалгууд болох гурван компанийн нийт 16.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй таван хаалттай бондын санхүүжилтыг амжилттай босгож, анхдагч зах зээлийн захиалгыг хаасан бол 9-р сарын 7-ны өдөр эдгээр бондын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн билээ. Үүний үр дүнд компаниудын бондын хөрвөх чадвар сайжирч, өмчлөх эрхийн бүртгэл шилжих, арилжих боломж Монголын хөрөнгийн зах зээлд бий болж буй. Хувийн хэвшлийнхнийг бодитоор дэмжсэн энэхүү алхам компаниудын хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх томоохон боломж гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан юм. Ялангуяа ЖДБ эрхлэгчдийн хувьд энэ бол таатай мэдээ.

Монголын ББЗЗ -ийн анхны бүтээгдэхүүн болох гурван төрлийн нийт 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хаалттай бонд гаргаж, нэг сар хүрэхгүй хугацаанд захиалгаа амжилттай биелүүлсэн Монкон группийн Санхүү, бизнес хөгжил хариуцсан захирал Л.Батхуягтай ярилцлаа. Тус компани “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран дээрх бүтээгдэхүүнийг гаргасан юм. 

Монголын ББЗЗ-ийн анхны бүтээгдэхүүн болсон Монкон бондыг гаргах шийдвэрийг хэрхэн гаргасан бэ? ББЗЗ -ийг яагаад сонгох болов? 

Биржийн бус зах зээл (ББЗЗ) буюу  OTC Market -ийг Монголд байгуулах хэрэгтэй талаар 1997 онд гадны  зөвлөхүүд анх зөвлөсөн. Харин энэ онд л Санхүүгийн зохицуулах хорооноос журам батлагдаж, үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин үүслээ. 

Манай компанийн хувьд 2010 оноос орон сууц, үйлдвэр, инженерчлэлийн барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид мөнгөн урсгалын дутагдлаа арилжааны банкны зээлээр 100 хувь шийдэж ирсэн. Тиймээс дараагийн шатанд бид бонд, хувьцаа гаргах зорилгоор бодлого, стратеги, алсын хараагаа энэ зүгт чиглүүлж, удаан хугацаанд бэлтгэсэн гэж ойлгож болно. Бид бонд гаргахаар “Голомт Капитал” компанитай хамтран судалгаа хийж байх үед буюу 2021 оны 7-р сард холбогдох журам батлагдаж, ББЗЗ -д бүтээгдэхүүн гаргах боломж бүрдсэн учраас энэ чиглэлд хурдан хөрвөж чадсан. Тэгэхээр анхнаасаа ингэж төлөвлөөгүй байсан гэсэн үг. 

“Барилгын зах зээлд хүмүүсийн итгэх итгэл тийм ч муу биш гэдгийг энэ бүхэн харуулж байгаа юм. Хүмүүс барилгын компанид хөрөнгө оруулах сонирхолтой байна гэдэг өөрөө эерэг дохио”

Манай компани гурван транчаар 15 тэрбум төгрөг босгохоор анх төлөвлөсөн. Ингээд нэгт, зах зээлд бонд худалдан авах эрэлт өндөр, хоёрт, бидний хэрэгжүүлж буй төсөл зах зээлд, харилцагчдад итгэл үнэмшил сайтай байгаа учраас эхний транч дээрээ л 17 тэрбум төгрөгийн захиалга авсан.  

Хаалттай бондын онцлог нь олон нийтэд сурталчилсан ямар нэг маркетингийн үйл ажиллагаа зохион байгуулдаггүй. Тэгвэл Монкон бонд хөрөнгө оруулагчдад ямар өгөөж, давуу талыг санал болгосон учраас богино хугацаанд ийм өндөр дүнтэй хөрөнгө оруулалтыг босгож чадав? 

Монкон бонд 13-15 хувийн өгөөжтэй. Хаалттай гэдэг утгаараа андеррайтер компани маань өөрийн бүртгэлтэй харилцагчдадаа зарласны үндсэн дээр биднийг мэддэг, үйл ажиллагааг маань сонирхдог хүмүүс голдуу хөрөнгө оруулсан. Хаалттай хэдий ч богино хугацаанд өндөр дүнтэй бондыг маш амжилттай босгосон гэж бид үзэж байгаа. 

Нэгт, ББЗЗ-д гарсан учраас хугацаа болон ажиллагааны хувьд илүү давуу талтай болсон гэж харж болно. Хоёрт, хадгаламжийн хүү буурсан нь бондын борлуулалтад шууд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг сонирхох нь нэмэгдэж байна. Тухайн үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, төсөл зэрэг бүх зүйлийг нарийвчлан судалж, байж болох эрсдэлүүдийг тооцоолсны үндсэн дээр илүү найдвартай гэсэн итгэл үнэмшил төрсөн учраас худалдан авч байна гэсэн үг. 

Гурван төрлийн бонд гаргах болсон талаараа тодруулбал?

Баталгааны төрлүүдээрээ ялгаатай буюу банкны баталгаат бонд, хувьцаа барьцаалсан бонд, орлого барьцаалсан бондуудыг тус тус гаргасан. Тухайлбал, орлого барьцаалсан бонд гэхэд ойрын жилүүдэд хийж гүйцэтгэж буй болон хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан Оюутолгой болон бусад олон улсын байгууллагатай хамтарсан төслүүдийн орлогыг барьцаалан бонд гаргаж буй. Нэг ёсондоо, бид ирээдүйд ийм хэмжээний ашиг олох учраас бондоо эргэн төлөх бүрэн боломжтой гэсэн санаа. 

“Хадгаламжийн хүү буурсан нь бондын борлуулалтад шууд нөлөөлж байна” 

Монкон бондын эргэн төлөлтийн хугацаа нэг жил. Энэхүү бондын хүрээнд босгосон хөрөнгөөр бид Яармагт хэрэгжүүлж буй “Мандала Гарден” төслийнхөө нэгдүгээр ээлжийн гүйцэтгэлийг дуусгаж, ашиглалтад оруулах юм. Уг төслийн хоёрдугаар ээлжийн барилга угсралтын ажлыг дулааны улиралд багтаан эрчимжүүлэх үүднээс бид бонд босгосон. Нэг үгээр, барилгын гол сууриа босгоход Монкон бондын хөрөнгийг зарцуулна.  

Та бүхний хувьд ингэж бонд босгосон нь ямар ач холбогдлыг бий болгосон бэ? Хөрөнгийн зах зээлд  ахин бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө бий юу?

Тэгэлгүй яахав. Цаашдаа нээлттэй бонд гаргаж магадгүй. Гол нь бид банкнаас зээл авбал тухайн банканд л зээлийнхээ хүүг төлнө. Харин бонд гаргаж, түүнд 200 хүн хөрөнгө орууллаа гэхэд тэдгээр хүний хувьд орлогын эх үүсвэрийн асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, банканд төлдөг байсан хүүгийн хэмжээ хэдэн зуун айл өрхөд орлого болж очих буюу хөрөнгө оруулж буй хүмүүсийн орлогын чадамж нэмэгдэж байгаа гэдэг утгаараа орлогын хуваарилалтыг оновчтой болгоно гэж харж байгаа. Нөгөө талаар, компанийн маань зардал буурч байгаа учраас урт хугацаандаа хөрөнгийн биржид нээлттэй бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна. 

“Бонд босгосноор бид нэгт, цаг хугацаа хожиж байна. Хоёрт, зардал мөнгөний хувьд давуу байдлыг үүсгэж байна”   

Арилжааны банкаас зээл авахын тулд уламжлалт схемээр дахин төдий хэмжээний барьцаа хөрөнгөтэй байх асуудал үүснэ. Бидний хувьд өөрийн барьцаалж болох бүх зүйлээ банканд барьцаалж, үйл ажиллагаандаа зарцуулчихсан учраас нэмэлт орлого, хувьцаа барьцаалах зэрэг боломжийг банк бидэнд олгохгүй. Гэтэл ирэх хавар барилгын ажил эхлэхэд арматурын үнэ хэд болохыг бид таашгүй. Тэгэхээр хувьцаа болон орлогоо барьцаалж, хөрөнгө босгох нь төслийн ажлыг хурдасгаж буй. Нэг үгээр, бид бондоор босгосон хөрөнгөөрөө арматур зэрэг барилгын материалаа өнөөдрийн үнээр нь худалдан авч, ажлаа үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ нь ирээдүйд бүтээн байгуулах барилгынхаа өртгийг тодорхой хэмжээнд тогтвортой байлгахын тулд уг санхүүгийн хэрэгслийг ашиглаж байна гэсэн үг. Бонд босгосноор бид нэгт, цаг хугацаа хожиж байна. Хоёрт, зардал мөнгөний хувьд давуу байдлыг үүсгэж байгаа юм.    

ББЗЗ хувийн хэвшлийнхэнд ямар боломж авчирна гэж үзэж байна вэ?

Цаашид олон компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд ББЗЗ-д гарна байх. Өөрөөр хэлбэл, барьцаанд суурилаагүй итгэлцлийн мөнгө орж ирж байна гэсэн үг. Энэ бүхэн өөрөө тухайн компани зах зээл, харилцагчдадаа хэр итгэл үнэмшилтэй, найдвартай сэтгэгдэл төрүүлдэг, амласнаа биелүүлж чаддаг эсэх зэрэг хэмжүүрээр тогтоогдох юм. Түүнээс биш огт таньж, мэдэхгүй компанийн бондыг хүмүүс худалдан авах нь юу л бол? Эсрэгээрээ зах зээлд тодорхой хэмжээнд байршсан, зохих нэр хүндтэй, өр зээлээ хугацаанд нь төлдөг, хариуцлагатай компанийн бонд хямд, мөн эрэлт сайтай байна. Энэ бүхэн эргээд олон аж ахуйн нэгжийг бизнесийн зөв этик, зөв соёлтой байхад нөлөөлж, зах зээлд оновчтой байрших, олон нийттэй харьцах зөв чиглэлд хөтөлнө гэж харж байна. 

Биржийн бус зах зээлийн ач холбогдол

Биржийн бус зах зээл нь үнэт цаас гаргагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл бий болох, үнэт цаасны хөрвөх чадвар сайжирч, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг давуу талыг олгодог юм.  

Биржийн бус зах зээл гэж юу вэ? 

Тодорхой шаардлага хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцож, хөрөнгө оруулах боломжтой талбар юм. Үнэт цаас гаргагч олон нийтэд бус тодорхой шаардлага хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа санал болгож байгаа тул тухайн үнэт цаасны бүртгэлийн хугацаа богино, бүрдүүлэх бичиг баримт цөөн, хялбар бөгөөд санхүүгийн хувьд илүү бага өртгөөр хөрөнгө татах боломжтой. 

 

Эх сурвалж: https://business.mn/blog/2021/09/13/monkon-barilgyn-tusul-banknaas-bish-bondoor-15-terbumyn-sanhuujilt-bosgoloo/ 

2021.09.13