Улс орны эдийн засгийн өсөлт, технологийн дэвшлийг тодорхойлох олон үзүүлэлтийн нэг нь өндөр барилга билээ. Тэгвэл Улаанбаатар хотын үзэмжид нэгэн содон өнгө нэмэн баригдаж буй барилга болох “360 Мандала Тауэр” нь одоог хүртэл баригдаад буй орон сууцны барилгууд дундаа хамгийн өндөрт тооцогдох барилга юм. Хамгийн гол нь навчин хэлбэрээс хамаарсан төвөгшил их учраас барилгын салбарт нэг том урагшилсан алхам болж буй билээ. “360 Мандала Тауэр”-ын бүтээцийн тооцооллыг хэрхэн хийсэн талаар "Тулга Проект" компанийн Ерөнхий инженер Г.Тулгатай ярилцлаа.
- “360 Мандала Тауэр” нь орон сууцны барилга дундаа хамгийн өндөрт тооцогдох барилга. Тэгэхээр Монголд бүтээн байгуулалт нь ид өрнөж буй барилгууд дундаа төвөгшлийн ангиллаар ямар зэрэглэлд багтдаг вэ?
- Барилга байгууламжийн өндөр, хүчин чадал, зориулалтаас хамааруулаад төвөгшлийн таван ангилалд хувааж үздэг. 51 метрээс дээш өндөртэй барилга нь онцгой төвөгшилтэй барилгын ангилалд багтана. Манай “360 Мандала Тауэр” нь 98.6 метр өндөртэй, мөн Улаанбаатар хот дахь орон сууцны хамгийн өндөр барилгуудын нэгд тооцогдож байна. Онцгой төвөгшилтэй ангилалд багтах барилгад төрийн болон мэргэжлийн байгууллагууд маш сайн анхаарал хандуулж, хяналт шалгалтыг өндөр түвшинд тавьдаг гэж ойлгож болно.
- Барилга барих явцыг зураг төслийн үе шат болон барилга үйлдвэрлэлийн гэсэн хоёр үе шатад хуваан авч үздэг шүү дээ. Онцгой төвөгшилтэй барилгыг барьж эхлэхээс өмнөх үе шат буюу зураг төслийг батлуулах үйл ажиллагаа хэрхэн өрнөсөн бэ?
- 51 метрээс доош өндөртэй барилга барихад эхлээд боловсруулсан зураг төсөлдөө магадлал хийлгэсний дараа тухайн зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэж эхэлдэг. Харин “360 Мандала Тауэр” шиг онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн хувьд төслийн бэлтгэл ажлын үе шатнаас буюу зургийн даалгавар боловсруулах үе шатнаас эхлэн зургийн даалгаврыг Өндөр барилга газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээний Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, бүх чиглэлийн мэргэжилтнүүдийн санал шүүмжийг тусган сайжруулахаас эхлэн олон талын оролцоо шаарддаг. Мэргэжлийн чиглэл бүрээр тэргүүлэх түвшний зөвлөх инженер, архитекторууд архитектур төлөвлөлтийн норм дүрмүүдийн шаардлага хангаж буй эсэх, барилга бүтээц нь газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг хэрхэн тооцох, онцгой байдлын мэргэжилтнүүд галын аюулгүй байдал, ямар нэгэн осол гарлаа гэхэд аврах зам гарцыг хэрхэн төлөвлөсөн гэх мэт асуудлуудыг мэргэжлийн талаас хэлэлцдэг. Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжүүлсэн зургийн даалгаврын шаардлагад нийцүүлэн боловсруулсан зураг төсөлд магадлал хийлгэсний дараа, магадлалын эерэг дүгнэлтэд үндэслэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, талбай дээр бүтээн байгуулалт өрнөж эхлэх хуулийн зохицуулалттай.
- Хүний биеийн тулгуур нь араг яс байдаг. Хүний биеийн анатомийн энэ хууль барилга дээр ч мөн адил үйлчилдэг шүү дээ. “360 Мандала Тауэр”-ын араг яс буюу хамгийн чухал зүйл болох барилгын хийцийг хэрхэн төлөвлөсөн бэ?
- Иргэдийн дунд бүрэн цутгамал бол сайн, бусад хийц нь муу гэдэг түгээмэл буруу ойлголт тогтсон байдаг. Барилгын даацын үндсэн бүтээцийн төрлийг сонгохдоо онцолж үздэг нэг үзүүлэлт нь тухайн барилгын хүлээж авах авах ачаалал байдаг. Барилгын бүтээцэд тэдгээрийн өөрийн жин болон дотор нь ажиллаж, амьдарч буй хүний жин, тоног төхөөрөмж, эд хогшил зэргээс үүдэлтэй босоо чиглэлтэй ачаалал, салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн үзэгдлээс үйлчлэх хэвтээ ачааллыг нөлөөллөөс хамааруулж барилгын даацын үндсэн бүтээцийг сонгодог. Мөн барилгын зориулалт, архитектур төлөвлөлтийн шийдэл, бусад онцлогоос хамаарсан үзүүлэлтүүд барилгын хийцийг эцэслэн сонгоход нөлөөлдөг. Газар хөдлөлтийн өндөр эрчимтэй бүсэд байрлах Мандала тауэртай төстэй буюу каркасан барилгын хувьд манайд одоо мөрдөгдөж байгаа норм, дүрмээр раман каркас, холбоостой каркас болон рам-холбоостой каркас гэсэн гурван төрлийг тусгасан байдаг. Бидний сонгосон рам-холбоостой каркасын ангилал 2013 оноос хэсэг инженерүүдийн санаачилгаар, олон улсын туршлагад үндэслэж норм, дүрэмд нэмэгдсэн ба энэ нь дээрх гурван төрөл дундаа газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар хамгийн сайн нь гэж үздэг.
- Та бүхэн “360 Мандала Тауэр”-ын барилгын бүтээцийн тооцооллыг 2017 онд хийсэн байдаг. Тухайн үед ийм өвөрмөц хэлбэртэй барилгын тооцооллыг гардан гүйцэтгэхэд шинэ содон зүйл нь юу байсан бэ?
- Мэргэжлийн бус хүмүүс “360 Мандала Тауэр”-ыг гаднаас нь ажиглаж харвал өвөрмөц хэлбэр нь онцлог харагдана. Харин мэргэжлийн хүмүүст хэлбэрээс гадна төвөгтэй шийдэл шаардсан олон зүйл байдаг барилга. Анх “Монкон Констракшн” компаниас энэ барилгын бүтээцийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах саналыг манайд тавих үед бидэнд гадны туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь илүү оновчтой санагдсан. Ингээд хоёр талдаа ярилцаад бидний 2011 оноос хойш хамтран ажиллаж буй, Улаанбаатарт хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллаж байсан Тайванийн Federal Engineering Consultants компанитай хамтрахаар болсон. Тайванийн арал өөрөө газар хөдлөлтийн эряим өндөртэй бүс нутагт хамаарахаас гадна технологийн дэвшлээр ч манайхаас хэдэн алхмын урд алхаж байгаа улс шүү дээ.
Өмнө нь дөрвөн төсөл дээр хамтран ажилласан тухайн компани маань 50 гаруй инженер техникийн ажилтантай, дэлхийн хэд хэдэн улсад бүтээц төлөвлөлтийн чиглэлээр ажил гүйцэтгэсэн туршлагатай компани юм. Эдгээр өндөр түвшний мэргэжилтнүүдтэй хамтран ажилласнаар газар хөдлөлтийн болон салхины үйлчлэлд маш сайн ажиллагаатай байх шийдэл гаргаад зогсохгүй барилгын ажлын гүйцэтгэлийг хялбар болгох шийдлүүд гаргаж чадсан.
- Салхины ачааллын тооцооллыг өөрсдөө туршиж хийсэн байдаг. Энэ талаар дэлгэрүүлж яривал яагаад өөрсдөө шинээр туршиж хийх болсон юм бэ?
- “360 Мандала Тауэр” шиг хэлбэртэй өндөр барилгын салхины ачааллын зарим нэг үзүүлэлтүүдийг хэрхэн тооцох талаар манайд батлагдсан норм, дүрэмд тусгаагүй байсан. Арай тодруулж хэлбэл, манай энэ барилга шиг навчин хэлбэртэй барилгад салхины ачаалал тооцоход ашиглах илтгэлцүүрүүд байгаагүй.
Салхины динамик туршилт хийж, авсан өгөгдөл дээрээ суурилж барилгаа төлөвлөх үү? Эсвэл олон улсын норм, дүрмээс судалж байгаад манайд тохирохыг авч хэрэглэх үү? гэдэг хоёр сонголт бидэнд гарч ирсэн. Олон улсад мөрдөгдөж буй норм, дүрмүүдээс авч хэрэглэе гэхээр манай навчин хэлбэртэй барилгад шууд авч хэрэглэх коэффициент манай гаднын хамтрагч нарын болон бидний судалж үзсэн олон улсын норм, стандартуудад бас байгаагүй. Эллипс буюу зуувин хэлбэртэй ч юмуу, бусад төстэй хэлбэрийн барилгад тохирох үзүүлэлтүүдээс сонгож хэрэглэж болох боловч манайд энэ үйл ажиллагаанд мөрдөх ёстой журмаар авч үзвэл зохих зөвшөөрөл авахад бидний барагцаалснаар зургаан сараас хоёр жилийн хугацаа шаардагдахаар байсан. Тиймээс хууль журам болон нормоор заасан арга замуудаас биет шинээр туршилт хийх нь хамгийн оновчтой сонголт гэдэг дээр Монкон Констракшн компанитай санал нэгдсэн. Яагаад гэвэл зөвхөн “360 Мандала Тауэр”-т тохирсон өгөгдөл богино хугацаанд гарч ирнэ шүү дээ.
Салхины ачааллаас гадна Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог тул холбогдох норм, дүрмийн шаардлагын дагуу газар хөдлөлтийн үйлчлэлд мөн тооцож төлөвлөсөн. Манай гаднын хамтрагч Federal Engineering Consultants компанийн мэргэжилтнүүд болон манай инженерүүд өөрсдийн бүхий л боломж чадварын хэмжээнд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, дүрмүүдийн шаардлагад нийцүүлэх талаар хичээж ажилласан тул бидний хувьд “360 Мандала Тауэр” барилгыг бат бөх, тогтвортой байдал, ашиглалтын хэвийн нөхцөл хангасан барилга болч чадсан гэж үзэж байгаа.
- Танд баярлалаа.