УУШГИА ХАЙРЛА
Утаат хотын иргэд бид уушгиа хайрлахгүй бол горьгүйнээ! Яагаад гэж үү? Яах вэ дээ, цаана чинь бидний эрүүл мэндэд заналхийлдэг агаар, хөрсний бохирдол дээр цар тахлын дараах хор уршиг гэдэг “дайсан” бас нэмэгдчихлээ.
Цөөхөн тоо баримт дурдъя.
Ковидоор өвдөөд эдгэрсэн хүний биед олон төрлийн эмгэг хам шинж илэрч буй болохыг ЭМЯ-аас мэдээлсэн. Үүнд насанд хүрсэн хүнд,
- толгой өвдөх
- ядрах
- ачаалал авах үед амьсгаадах
- ой тогтоолт муудах
- анхаарал төвлөрөхгүй байх
- зэрэг шинж тэмдэг илэрч байгаа.
Харин хүүхдэд
- толгой эргэх
- нойргүйдэх
- амархан ядрах зэрэг нийтлэг шинж тэмдэг анзаарагдсаар байна.
Ингээд Коронавирус тусаад эдгэсэн иргэд дунд судалгаа хийхэд, ковидын хор уршгийг хамгийн их амсаж буй эрхтнээр уушги тодорчээ. Тиймээс коронавирусийн халдвар аваад эдгэчихсэн гэж санаа амралгүйгээр уушгины үйл ажиллагаа сулрах, хатгалгаа, архаг хямрал үүсэх зэрэг аюулаас урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарахыг эрүүл мэндийн салбарынхан сануулсаар байна.
Коронавирусийн дараах хор уршгаас урьдчилан сэргийлэхэд анхаарах нэн шаардлагатай улсыг нэрлэ гэвэл манай улс агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд айргийн тавд жагсаж буйгаараа тэргүүн эгнээнд бичигдэх нь лавтай. Учир нь агаарын бохирдол коронавирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэхийн сацуу амьсгалын замын өвчлөлийн гол шалтгаан болдгийг НҮБ-ын Хүүхдийн сангаас тогтоосон байдаг.
Эх сурвалж: https://www.iqair.com
Агаарын бохирдол хэрхэн хүний биед сөрөг нөлөө үзүүлдгийг нарийвчилж яривал, бохирдолтой агаараар амьсгалах үед нарийн ширхэгт тоосонцрын жижиг хэсгүүд уушгинд хүрч, уушги, зүрх судасны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчлөлийг үүсгэдэг аж. Ингээд нарийн ширхэгт тоосонцрын агууламж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарснаар амьсгалын тогтолцооны, хавдар, зүрх судасны тогтолцооны болон нөхөн үржихүйн тогтолцооны өвчлөлийн шалтгааны нэг болдгийг доорх графикаас харж болно.
Уушгины өвчлөлтэй холбоотой зарим тоо баримт
Эх сурвалж: 1212.mn
Уушгины өвчлөлтэй холбоотой зарим тоо баримтыг харвал, Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны тавдугаарт Амьсгалын тогтолцооны өвчин бичигдэж байна. Мөн жил тутам уушгины хорт хавдартай болох нь оношлогдож буй хүмүүсийн тоо нэмэгдсээр, төдий хэмжээгээр энэ төрлийн хорт хавдрын шалтгаант нас баралтын тоо өссөөр буй билээ. Амьсгалын замын өвчлөл төдийгүй уушгины хорт хавдрын тэн хагас нь агаарын бохирдолтой шууд холбоотой болохыг ДЭМБ-аас нэгэнт баталсан байдаг.
Уушгиа хэрхэн баярлуулах вэ?
Хүний хэлээр ярьдаг бол Улаанбаатар хотын иргэдийн уушги юу гэж хэлэх байсан бол? гэж та бодож үзэж байсан уу? Их л хэцүү зүйл өгүүлэх байсан байх даа. Ямар сайн даа л Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдардаг хүүхдийн уушгины багтаамж хөдөө орон нутгийн хүүхдийнхээс 40 хувиар бага гэдэг эмгэнэлтэй судалгааны дүн гарч байх вэ дээ. Хүчилтөрөгчийн дутагдалд ийнхүү орсон уушгиа баярлуулах эхний алхам нь тогтмол цэвэр агаарт гарч, гүнзгий амьсгаа авах. Хүүхдийг цэвэр агаарт гаргасан өдөр тайван сайхан унтаж амардаг нь хүчилтөрөгчийн хангамжтай холбоотой гэж эмч нар нотолдог. Тиймээс бид утаанаас ангижирч, цэвэр агаараар амьсгалж, дасгал хөдөлгөөн хийж, уушгиа байнга дасгалжуулж байх хэрэгтэй аж.
Бидэнд хүчилтөрөгчийг хамгийн ихээр бэлэглэж чадах шидтэн бол ой мод. Цөөхөн тоо баримт дурдвал, мод ургамал
- Агаарын чийгшлийн хэмжээг нэмэгдүүлдэг
- Дуу чимээний бохирдлыг бууруулдаг
- Зуны улиралд шороо тоосны 50%, өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг
- Нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулна. Тухайлбал: 1 га ойн талбайд нэг цагийн хугацаанд 180 хүнээс ялгарах нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авах шидтэй.
- Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал: нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.
- Мод нь хөрс хамгаалдаг гэх мэт маш их ач холбогдолтой
Иймийн тул ой модыг агаарын бохирдлыг бууруулагч, хамгийн сайн цэвэрлэх байгууламж хэмээдэг аж.
Цар тахлын дараа Улаанбаатар хотын иргэд ямар байршилд амьдарвал зохистой вэ?
Утаанаас дайжиж, хөдөө орон нутаг руу шилжин амьдрахгүй л юм бол бид Улаанбаатар хотынхоо хаа нэгтээ аж төрж, амьдран суусаар л байх болно. Тиймээс бага зэрэг толгойгоо ажиллуулж, Улаанбаатар хот цаашид аль хэсэгтээ илүү төвлөрч, шинэ бөгөөд зөв төлөвлөлт хаана хэрэгжиж байна вэ гэдгийг олж харцгаая.
Улсын нийслэл Улаанбаатарт бохирдлын түвшин ийнхүү өндөр байдаг нь агаар бохирдуулагч утааны ялгарал буюу гэр хорооллын яндангийн утаанаас гадна манай газар зүйн байрлал, цаг уурын нөхцөлийн хосолмол хүчин зүйл байдаг аж. Дөрвөн уулаар хүрээлэгдсэн Алтан тэвшийн хөндийд нүүн ирж суурьшсанаас хойш хотын анхны төлөвлөлтийг Туул голоос хойшоо чиглэлд бий болгосон байдаг. Харамсалтай нь хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас орон сууцны хорооллыг хэд дахин нугалсан гэр хороололтой болсон билээ. Нэгэнт ингэж “хөгжсөн” хотыг шинээр төлөвлөх аргагүй тул дахин төлөвлөлтөөс өөр сонголт үлдсэнгүй. Харамсалтай нь гэр хорооллын суурьшлын бүс болж олон жилийг элээсэн газрын нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол нь алга урвуулах төдийд арилчихгүй л болов уу. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаагаар нийслэлийн хөрсөнд агуулагдах хар тугалга, хром нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10-15 дахин их гарсан байдаг нь үүнийг гэрчилнэ.
Тэгвэл бид хаана амьдарвал зохистой вэ? Хаана бид чөлөөтэй амьсгалж, уушгиа “баярлуулж” чадах вэ? Заавал өсөж төрсөн хот, өнөөг хүртэл эд эсээ зориулсан ажлаа орхиж, хөдөө сумыг зорих хэрэгтэй юу?
Ийм л асуултын хариулт болгож Шинэ суурьшлын бүсийг бий болгосон биз ээ. Өмнө нь хэн ч суурьшиж байгаагүй шинэ газарт, өдгөө хотхон хороолол хэлбэрээр олон барилга сүндэрлэж буй. Магад хөрсний бохирдлоос ангид үлдсэн цорын ганц хэсэг газар биз ээ. Дээрээс нь Туул голын урд, Богд Хан уулын өвөрт өндөрлөг хэсэгт тооцогдох учраас салхины урсгалын нөлөөгөөр агаарын бохирдол багатай бүсэд тооцогдох аж. Уг нь Нийслэлийн Агаарын чанарын алба улсын нийслэл болохоор нэрлэгдээд буй тэр хэсэгт агаарын чанар хэмждэг станцаа шинээр байрлуулчихвал бохирдол байгаа эсэх нь бодитой болохоор л байгаа юм.
Дотор орчныг мартаж болохгүй...
Зөвхөн эрүүл цэвэр агаартай бүсэд амьдрах, дасгал хөдөлгөөн хийхээс гадна амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, уушгины хатгалгаа, уушгины хавдарт нөлөөлөх дараагийн хүчин зүйл нь бидний ихэнх цагаа өнгөрөөдөг дотоод орчны бохирдол байдаг. Дотоод орчны бохирдлыг үүсгэгч нь тухайн барилгыг барихад ашигласан барилгын материал, тавилгын чанар, тамхины утаа зэрэг.
Тиймээс уушгиа хайрлахын тулд коронавирусээс урьдчилан сэргийлэх, цэвэр агаарыг эрхэмлэх, гэр, ажлын байрандаа ашигласан барилгын материал, тавилга зэрэгт анхаарлаа мөн хандуулж байгаарай.
Ашигласан эх сурвалж:
ҮСХ: "Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдол ба эрүүл мэнд" судалгаа
НҮБ-ын Хүүхдийн сан: Хүрээлэн буй орчин, агаарын бохирдол