Эдийн засагчид 1998-2006 оныг дэлхийн орон сууцны үнийн огцом өсөлтийн үе гэж нэрлэдэг. Энэ үед ихэнх улсад орон сууцны бодит үнэ 50-иас дээш хувиар өсч, орлогын өсөлтөөс илүү түвшинд хүрсэн. Судлаачид уг үнийн хөөсрөлтийн шалтгааныг моргейжийн санхүүжилт, хүүний түвшин, хүн амын хүчин зүйлсээс хамааралтай хэмээн үздэг. Тухайлбал зүүн өмнөд азийн орнуудын хувьд 1980-1990 онд иргэдийн хэт их хүлээлтээс үүдэлтэйгээр орон сууцны үнэ огцом өсч байсан бол Европын бүс нутагт буюу Испани, Ирланд, Их Британи зэрэг орнуудын хувьд 2003-2008 онд моргейжийн санхүүжилттэй холбоотойгоор орон сууцны үнэ 2 дахин өсч байсан судалгаа байна.
Харин 2009 онд эдийн засгийн хямралаас шалтгаалан үнэ нь буурсан боловч 2011-2012 оны эдийн засгийн өндөр өсөлт нь орон сууцны үнийг огцом өсгөж 2014 оны 1-р улирал гэхэд жилийн өсөлт 23.7 хувьд хүрч байжээ.
2014 оноос хойш Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, дэлхийн түүхий эдийн үнэ унаснаас гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Үүнийг дагаад орон сууцны үнэ ч буурсан. Харин өнгөрсөн оноос дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ өсч, уул уурхайн томоохон төслүүдтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ДНБ-ий өсөлт энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрч эдийн засаг сэргэж эхэлсэн юм. Иймээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд өсөлтгүй байсан орон сууцны үнийн индекс 2017 оны 1-р улирлаас өсч эхэлсэн бөгөөд энэ оны эхний улирлын байдлаар шинэ орон сууцны 1 м.кв-ийн үнэ 2,3 сая төгрөгт хүрчээ. Цаашид ч орон сууцны үнэ өсөх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлэлж байна.