Орон сууцны үнийн хөөсрөлт гэдэг нь эдийн засгийн суурь хүчин зүйлээр тодорхойлогдож буй үндсэн үнээс өндөр түвшинд үнэ тогтохыг хэлнэ. Үнийн хөөс үүсэх шалтгааныг эдийн засагчид янз бүрээр тайлбарладаг. Тухайлбал:
ҮНИЙН ХӨӨСРӨЛТ НЬ ИРЭЭДҮЙД ҮНЭ БҮР ИХ ӨСНӨ ГЭСЭН ХҮМҮҮСИЙН ХҮЛЭЭЛТЭЭС БИЙ БОЛДОГ
Орон сууцны үнийн эхний удаагийн өсөлт нь цаашид үнэ нь улам өснө, одоо авахгүй л бол дараа авч чадахгүй гэсэн хэт их хүлээлтээс бий болдог. Энэ үед хөрөнгө оруулагчид өндөр үнэтэй орон сууц худалдан авахад бэлэн байдаг.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БОРЛУУЛАХАД БОЛОМЖИЙН АШИГ ОЛОХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ АРИЛЖААНЫ ШИНЖ ЧАНАРТАЙ ХУДАЛДАН АВАЛТУУД ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХИЙГДЭХ ҮЕД ҮНИЙН ХӨӨСРӨЛТ ҮҮСДЭГ
Хөрөнгийн үнэ огцом өссөнөөр шинэ худалдан авагчид, дамын наймаачдын анхаарлыг ихээр татаж цаашид илүү өсөх хүлээлтийг бий болгодог. Худалдан авагчид нь тухайн хөрөнгийг ашиглахаас илүүтэйгээр дараа нь борлуулж өөрт ирэх ашгийг нь сонирхож байдаг. Тиймээс энэхүү өсөлтийн дараа үнэ нь унаж эдийн засаг, санхүүгийн хямралд хүргэдэг бөгөөд үүнийг мэргэжилтнүүд “хөөс хагарах” гэж тайлбарласан байдаг.
ҮНИЙН ХӨӨСРӨЛТ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТҮВШИН БАГА БАЙХ ҮЕД ҮҮСДЭГ
Зээлийн хүү бага байх нь зээлийн өсөлтийг бий болгож улмаар хөрөнгийн үнийг өсгөдөг. Ингэснээр орон сууцны эрэлт өсч, нийлүүлэлт нь түүнийг гүйцэхгүйгээс үүдэн үнийн хөөс бий болдог байна.
ҮНИЙН ӨСӨЛТӨӨС БОГИНО ХУГАЦААНД АШИГ ОЛОХ ЗОРИЛГОТОЙ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ҮЕД ҮНИЙН ХӨӨСРӨЛТ БИЙ БОЛНО
Үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт нь зээлийн хүүгийн түвшинээс давсан тохиолдолд хөрөнгө оруулагчид өөрсдийн таамаглалаар \спекуляци\ богино хугацаанд үнийн өсөлтөөс ашиг олох зорилгоор зах зээлд орж ирснээр хөрөнгийн үнийн өсөлтийг улам нэмэгдүүлдэг.