ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА ХУРИМТЛУУЛАХАД 3-4 ЖИЛ ЗАРЦУУЛДАГ

Орон сууц худалдан авах нь тухайн иргэний өөртөө бөгөөд гэр бүлдээ хийж буй урт хугацааны томоохон хөрөнгө оруулалт юм. Орон сууцыг зээлээр худалдан авахдаа тодорхой хэмжээний хуримтлал бий болгож орон сууцны урьдчилгаа төлбөрийг тэргүүн ээлжинд төлөх шаардлагатай байдаг. Манай улс тодорхой хэмжээний хуримтлалтай иргэддээ зориулан бага хүүтэй, урт хугацааны ипотекийн зээлээр орон сууцтай болох таатай нөхцөлийг бий болгож 8 хувийн орон сууцны хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнгөрсөн оны байдлаар энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 404 тэрбум төгрөгний орон сууцны зээл олгогдсоноос нийт 6026 өрх урьдчилгаа төлбөртөө зориулан дунджаар 173 тэрбум төгрөгийг төлсөн байна. Эндээс үзэхэд нэг өрх дунджаар 28,7 сая төгрөгийг хуримтлуулжээ.

Хэдийгээр 8 хувийн орон сууцны зээл нь өрхийн өрийн дарамтыг нэмдүүлдэг гэсэн шүүмжлэл дагуулдагч нөгөөтэйгүүр тухайн өрхөд хуримтлал бий болгох, зөв зарцуулалтын дадал суулгах, залуу гэр бүлийг хөрөнгө хуримтлуулах зөв дадалтай болгосон зэрэг олон эерэг нөлөөтэй байгаа юм. Монгол Банкнаас эдийн засгийн өнөөгийн нөхцөл, зах зээлийн хүүгийн түвшинд 1 сая төгрөгийн дундаж орлоготой өрх 75 орчим сая төгрөгийн байрны урьдчилгаа төлбөрийг 3-4 жилийн хугацаанд хуримтлуулах, хэрвээ байр түрээсэлдэг бол 6-7 жилийн хугацаанд хуримтлуулах боломжтой гэх тоцооллыг хийсэн байна.

Гэтэл сүүлийн 2 жилийн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 8 хувийн орон сууцны зээлийн санхүүжилт зогсонги байдалд орж, иргэдэд орон сууц худалдан авахад хүндрэлтэй нөхцөл байдал, хүлээлт үүсгээд байгаа билээ. Тиймээс зах зээл дээр орон сууц худалдан авах эрэлт тогтмол өсч байгаа энэ үед барилгын компаниуд иргэдэд зориулан орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх, цаашид орон сууцны зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор шинээр барьж буй орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг 10% хүртэл бууруулан, тухайн төсөл ашиглалтад орох хүртэлх хугацаанд өрхийн орлогоосоо тогтмол дүнгээр хувааж төлөх таатай нөхцөлийг бий болгоод байна. Тухайлбал Монкон группийн хувьд БЗД-ийн 8-р хороонд баригдаж буй “Комфорт” төсөл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно баригдаж буй “Мандала” зэрэг нийт 1000 гаруй айлын орон сууцны төслүүд дээр өнгөрсөн 1 жилийн хугацаанд нийт 200 гаруй иргэдэд орон сууцны урьдчилгаа төлбөрийг хувааж төлөх таатай нөхцөлийг бий болгож амжилттай хэрэгжүүлж байна.