ӨРХИЙН ТӨСВИЙГ ЗӨВ ЗАРЦУУЛАХ, ХУРИМТЛУУЛАХ

АНУ-ын иргэдийн 57% нь хамгийн багадаа 1000 ам доллартай тэнцэхүйц хадгаламжтай гэсэн судалгаа өнгөрсөн онд гарсан байна. Харин манай улсын нийт өрхийн 21.8 хувь нь хадгаламжтай буюу хуримтлалтай бол нийт өрхийн 52% нь ямар нэгэн зээлтэй гэсэн судалгаа гарчээ.

Бидний амьдралд урт ба богино хугацааны төлөвлөж болох, төлөвлөж болохгүй бэлэн мөнгөний хэрэгцээ, шаардлага гардаг. Энэ үед нэг бол хуримтлалаараа, эсвэл зээл авах, эд хөрөнгөө худалдах байдлаар зохицуулах шаардлагатай болдог. Мэдээж хамгийн сонгодог арга нь мөнгөн хуримтлалаараа гэнэтийн мөнгөний хэрэгцээгээ хангах юм. Иймээс гэнэтийн, зайлшгүй шаардлагад бэлэн байх, урт хугацааны хүсэл зорилгодоо хүрэхэд тань туслах хувь хүний, өрхийн төсвийг зөв зарцуулах, хуримтлуулах 50/20/30-ын дүрмийг танилцуулж байна. Энэ аргыг хэрэглэснээр өөрийн төсөв дээрээ хяналт тогтоох боломж гарч ирж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй санхүүгийн асуудалд орох эрсдэлийг багасгах давуу талтай.

Юуны түрүүнд та сарын орлогоо дараах 3 ангилалд хувиарлан зарцуулахаар төлөвлөх хэрэгтэй.

  1. Нийт орлогынхоо 50%-ийг зайлшгүй хэрэглээнд зарцуулах

Үүнд: хоол, унд, орон, байрны зардал гэх мэт

  1. 30%-ийг хүсч буй зүйлдээ зарцуулах

Үүнд: зайлшгүй хэрэгцээтэй биш ч таны зарцуулахыг хүсч буй зүйлс

  1. 20%-ийг нь хадгалах, хуримтлуулах шаардлагатай.

Мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд хуримтлалын төлөвлөгөөгөө гаргаж түүндээ тууштай, санхүүгийн сахилга баттай байх нь чухал юм. Хүн бүрийн хүсэл зорилго, мөрөөдөл нь өрхийн санхүүгийн төсөвтэй уялдаа холбоотойгоор шийдэгдэх учир хэрэглээнийхээ ач холбогдлын дарааллыг гарган өөрийн болон өрхийн хуримтлалын төлөвлөгөөгөө тогтмол гаргаарай. Танд амжилт хүсье.