ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ БАРИЛГА
Ногоон барилга нь архитекторын салбарт сүүлийн үед бий болж буй чиг хандлага бөгөөд хүрээлэн буй орчинд хор нөлөө багатай, цахилгаан эрчим хүчний хэрэглээ бага, экологид ээлтэй барилга байгууламж юм.
Байгальд ээлтэй байшин, барилга нийгэмд ашиг тустай төдийгүй яваандаа дэлхий нийтэд барилга байгууламжид тавих гол шалгуур үзүүлэлт, стандарт болох бөгөөд барилга барьж эхлэх, түүний ашиглалтад байх бүхий л хугацааг хамарсан ойлголт юм. Ногоон барилгын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь барилга, байгууламжийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүч, нөөц баялгийг илүү үр ашигтай зарцуулах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой
Бидний амьдарч, ажиллах барилга байгууламж эдийн засгийн буюу нөөцийн хувьд үр ашигтай, хэмнэлттэй байх, ашиглах хугацаа харьцангуй урт, тав тухыг хангасан байх нөхцөлийг ногоон барилгын үзэл баримтлал чухалчилдаг. Хэдийгээр орчин үеийн шинэ техник, технологи маш олон боломж бололцоо бий болгож буй ч ногоон барилгын үзэл баримтлалд голчлон авч үздэг - аливаа барилга байгууламж хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх зарчмын хүрээнд дараах харгалзан үздэг шалгуур нөхцөлүүд хэвээр хадгалагдаж ирсэн.
Экологид ээлтэй барилгын онцлог шинжүүдийг дурдвал:
- Загвар, материал, хийцийн хувьд оршин суугчдын амьдрах нөхцөл, хэв маягт тохирсон, тухтай Эрчим хүч, ус, бусад байгалийн нөөц баялгийг үр ашигтай ашиглах
- Ус, нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийддэг
- Дахин хэрэглэх боломжтой тоног төхөөрөмж ашигладаг
- Хог хаягдлыг аль болох дахин боловсруулдаг
- Агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлдэг, агаарыг цэвэршүүлэх, агаарын солилцоо явуулах боломжтой
- Байгальд ээлтэй, химийн хор хөнөөл багатай, дахин боловсруулсан материал ашигладаг
- Барилгын загвар, материал, хийц нь экологид ээлтэй, байгалийн хэв шинжийг өөртөө агуулсан
- Оршин суугчид, ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, тав тухыг хангаж, бүтээмжийг нэмэгдүүлэх
“ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГУУДЫН ЖИШИГ”
“Songjiang” зочид буудал-усан диваажин
“Atkins Design”-ий мэргэжилтнүүдийн бүтээсэн энэ зочид буудал маш том акуа хүрээлэнтэй юм. Барилгын дээвэр дээр ногоон цэцэрлэгт хүрээлэн ургаж байхаар бүтээжээ. Зочид буудлын тодорхой хэсэг нь буюу зочдын өрөө, зоогийн газар усан дор байрладаг юм байна. Мэдээж, “усан” зочид буудал зочдын ая тухыг дээд зэргээр хангасан амралтын акуа хүрээлэнтэй.
Далай дээрх “Venus” төсөл
Дэлхийн дулаарал, агаар мандал, ус, хөрсний бохирдол ихтэй нөхцөлд хүн төрөлхтөнд аж төрөхөд нь туслахын тулд эрдэмтэд, архитектоурчид, загвар зохион бүтээгчид тэднийг автоматаар нүүлгэн суурьшуулах янз бүрийн төсөл боловсруулж байна. Эдгээр төслийн нэг нь хүн амын дийлэнхийг далай тэнгисийн усан дор биш дээр нь амьдруулах “Venus” төсөл юм. Зохион бүтээгчдийнх нь хэлж буйгаар эл агуу том хөвдөг хот далай тэнгисийн нөөцийг ашиглан усанд хөвөх агаад байгальтайгаа зохицон амьдрахад тохиромжтой гэнэ. Ийм хотыг эрчим хүчээр хангах эх үүсвэр нь нар, салхи, далайн давлагааны эрчим хүч аж.
Эргэдэг байшин
Италийн архитектор Дэвид Фишер 80 давхар бүхий тэнгэр баганадсан динамик барилга зохион бүтээлээ. Давхар бүр нь оршин суугчдадаа нар мандах, жаргахыг өрөөнөөсөө харахад тохиромжтой байдлаар зураг төсөл нь хийгджээ. Зөвхөн яаж? Хүний дуу хоолойн командаар бүх давхар эргэлдэж эхлэх агаад давхар бүр бүтэн тойроход гурван цаг шаардлагатай. Энэхүү аварга байшин эрчим хүчээр хангах 79 салхин хөдөлгүүрээс гадна эргэлдэх эрч хүч өгдөг нарны зай хураагууртай юм байна.
Сиднейн цамхаг шинэ “хувцас”-тай болно
Визуал архитектурын лаборатори энгийн бөгөөд зардал багатай, байгаль орчинд ээлтэй арга боловсруулжээ. Сидней дэх Бродвей барилгыг шинэчлэхийн тулд зохион бүтээгчид түүнийг шинэ “арьс”-аар орлуулахыг санал болгосон аж. 1960-аад оны хуучирч муудсан уг барилгыг шинэ дүр төрхтэй болгохын тулд сэргээн босгох шинэ арга нь энэ хэмээн Австралийн архитектор Крис Боссе өгүүлжээ. Тэрээр хуучирсан атлаа түүхэн үнэ цэнэтэй дэлхийн ямар ч барилгыг ийм аргаар шинэчлэх боломжтой гэж үзэж байна. Байшингийн гадуур бүрсэн “арьс” нь эрчим хүч үйлдвэрлэхээс гадна борооны усыг хуримтлуулах, өдрийн гэрлийг ашиглаж чаддаг байна. Мөн байгалийн салхи тус байшингийн агаар сэлгэх үүргийг бүрэн гүйцэтгэдэг аж. Байшинг маш бат бөх гурван хэмжээст тунгалаг бөс даавуугаар бүрсэн байна. Яваандаа эл бүрхүүлийг шөнийн цагаар мэдээлэл дамжуулах болон гэрэлтүүлэх зорилгоор ашиглах гэнэ.