Нарны аймгийн бусад гаригаас зөвхөн манай дэлхийнхэн л “ус уух” хувьтай төрснийг судлаачид баталдаг. Энэ их ус л алтан нарны адил амьдралыг тэтгэх бас нэгэн шидтэн буюу далай тэнгисийн их усны ачаар нарнаас ирэх их энерги, дэлхийн дотоодоос ялгарах дулаан саармагжиж бороо цас орон, байгаль дэлхий сэрүүсч байдаг. Хэрэв энэ их ус үгүй бол дэлхий маань зуухан дээр тавьсан усгүй тогоо мэт хоромхон зуур улайсан шатна. Ус бол хорвоо дээрх хамгийн энгийн мөртлөө хамгийн гайхамшигт эрдэнэс юм.
Та хэн ч байсан, хаана ч байсан цэвэр ус хэрэглэх эрхтэй. Учир нь усны хэрэглээ бол амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрахтай яг адил хүний эрх юм.
Голын сав газрын эко системийн тогтвортой байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад одоо байгаа энэ усныхаа нөөцийг зөв зохистой ашиглаж хайрлан хамгаалах хэрэгтэй. Долоон тэрбумаар тоологдох хүмүүсийн амьдралыг шийдэх, ерөөс энэ дэлхийн бүх хүнтэй хамаатай асуудал учраас Тогтвортой хөгжлийн зорилгын зургадугаарт “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” хэмээн тусгасан байдаг.
Гэтэл ус хомстсоноос дэлхий дээр өдөрт 14 мянган хүн (түүний 11 мянга нь таваас доош насны хүүхдүүд) нас барж байна. 2050 он гэхэд 48 орны хоёр тэрбум хүн усаар гачигдах гэнэ. Шалтгаан нь юу вэ? Нэг талаас манай гаригийн усны нөөцийн 98 хувь нь давстай, нэг хувь нь туйлын мөсний дор бол мөн нэг хувь нь л гол нуур, газрын доорх буюу ашиглаж болох цэнгэг ус аж. Нөгөө талаас дэлхийн хүн ам ихээхэн өсөж, усны хэрэглээ түүнээс ч хурдан нэмэгдсээр байгаа юм.
Үүгээр зогсохгүй дэлхийн хотуудын 95 хувь нь хэрэглэсэн усаа гол, цэвэр усны эх үүсвэр рүү хаяж байна. Үүний нэг тод жишээ нь усны нөөцгүй болсон ӨАБНУ-ын Кэйп Таун хот бөгөөд гагцхүү гадаадын тусламж, борооны ус л тэдний усны нөөц болоод буй. Кэйп Тауны иргэд ундны усанд дугаарлаж, хотын захиргаанаас нь нэг хүний өдрийн усны хэрэглээг 25 литр болгон хязгаарлаж, борооны усыг ус хадгалах савнуудад нөөцөлж цэвэршүүлэх байдлаар хэрэглэж байна. 25 литрийн хязгаар гэдэг бол манай хотын орон сууцны оршин суугчдын хэрэглээнээс 225 литрээр бага тоо юм. Бид таван минут шүршүүрт орохдоо 50 литр ус зарцуулж байгаа нь өндөр хөгжилтэй хотын иргэдийн хэрэглээнээс ч давсан үзүүлэлт. Харин гэр хорооллын худгаас усаа зөөдөг оршин суугчид өдөрт дунджаар 6-8 литр ус хэрэглэдэг. Бид цэвэр усныхаа 70 гаруй хувийг зөвхөн усанд орох, суултуурын ус татахад зарцуулдаг.
Чиг хандлага
Сүүлийн жилүүдэд усны технологиуд улам боловсронгуй, улам нарийн болсоор байна. Эдгээрээс хамгийн сонирхол татахуйц нь далайн уснаас цэвэр ус гаргаж авах, агаараас ус гаргаж авах, ус ашиглахгүйгээр хувцас хатаах технологиуд юм. Дэлхийн усны нөөцийн дийлэнхийг эзэлдэг далайн усны давсыг ялгаж цэвэр ус гаргаж авах оролдлого сонирхолтой хэдий ч зардал ихтэй тул бодитоор хэрэгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Харин агаараас гаргаж авах боломжтой усны хэмжээ нь дэлхийн гадаргын уснаас ч их аж. Одоогоор өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүд хоногт 378 литр, харин зориулалтын станцууд өдөрт 400 орчим мянган литр усыг агаараас гаргаж авах боломжтой байгаа бөгөөд эдгээр төхөөрөмж нь нарнаас эрчим хүч аван ажилладаг.
Манай орны хувьд цахилгаан станц, томоохон үйлдвэрүүд хотын төвлөрсөн хэрэглээнээс гадна өөрсдөө гүний худгаас усаа олборлож хэрэглэдэг. Унданд хэрэглэх боломжтой гүний цэнгэг усыг их хэмжээгээр ийнхүү олборлож ашигладаг цахилгаан станцуудын хэрэглээг багасгах чиглэлээр хэрэглэж буй нэг санаачилга нь хөргөлтөд СААРАЛ УС ашиглах технологи юм. Шинээр баригдах цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усыг цэвэршүүлэн саарал ус болгосноор цахилгаан станцуудын нийт техникийн усны 70 хувь буюу хоногт 50.000 метр.куб усыг орлуулж болох гэнэ. Энэ нь нийслэлийн нэг хоногийн цэвэр усны хэрэгцээний гуравны нэгтэй тэнцэх юм.
МАНДАЛА ГАРДЕН усны зөв зохистой ашиглалт
Орчин үед технологийн хөгжлийн ачаар бид байгалийн нөөцөө зөв удирдах, хэмнэлттэй хэрэглээг өдөр тутамдаа хэвшүүлэх боломж бүрдсээр байгаа энэ боломжийг ашиглан сайн жишээ харуулж Монкон групп нь “МАНДАЛА ГАРДЕН” хотхоны II ээлж буюу WATER GARDEN хэсэгт цэвэр усны зөв зохистой ашиглалт буюу дахин цэвэршүүлсэн усан сан бүхий шатлалт хүрхрээ, усан оргилууртай усан байгууламжийг хотхондоо төлөвлөсөн.
Усны хэрэглээ бол хүний эрх
Бид бүгд л усаа хэмнэе гэж боддог ч бусад нь хэмнэхгүй байхад би ганцаараа хэмнээд ямар үр дүн гарах билээ гэж бодох нь олонтаа. Тиймээс хүн өөрөөсөө эхлэн усны хэрэглээгээ өөрчилж, усны үнэ цэнийг ойлгож, хандах сэтгэлгээгээ өөрчилж, улмаар өөрийн жишээгээр бусдад уриалах нь нэн чухал юм.
Та яг одооноос эхлэн доорх зөвлөмжийг мөрдөж, байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулаарай.