Хүмүүс шоргоолж мэт завгүй ажиллаж, хөгжил гэгчийг улам түргэтгэсээр. Гэвч хөгжлийг стресс гэдэг зүйл даган ирдэг ажээ. Илүү сайхан амьдралыг зорьж, хийсэн зүйлс маань эргээд сөрөг зүйлс дагуулдаг нь харамсалтай. Улам бүр хотжиж, байгалиасаа холдох болсон нь стрессийг үүсгэгч нэг том шалтгаан юм. Үүнийг батлах маш амархан. Агаар салхинд гарч, байгальтайгаа ойртоход сэтгэл санаа тань дорхноо сэргээд ирэхвий. Тэгвэл байгаль гэхээр хамгийн түрүүнд бидэнд юу бодогддог билээ? Ургамал мод, уул, ус.
Тэгвэл зугаатай зуныг үдэж ажил хэрэгч намар ирсэн энэ өдрүүдэд бид “ой мод” гэсэн чухал сэдэв хөндөхийг хүслээ. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөн цөлжилтөд нэрвэгдэж буй манай орны газар нутгийн ердөө 8 хувийг ой мод эзэлдэг. Угийн ой мод багатай манай улс, БОАЖЯ-ны мэдээлж буйгаар сүүлийн 20 жилд ойн түймэр, хөнөөлт шавьжийн хор хөнөөл, хууль бус огтлолоос шалтгаалан 1.2 сая га ойн талбайгаа алджээ.
Эдгээр асуудлын хор уршиг нь ямар байх вэ? Ер нь ой мод, мод бут бидэнд юу өгдөг вэ? Хэрхэн хайрлан хамгаалж, арчилж ургуулах вэ?
Мандала хотхоны бяцхан оршин суугчид тарьсан модоо усалж буй нь
Мандала хотхоны оршин суугчид гэр бүлээрээ мод тарьж буй нь
Дэлхийн нийт хуурай газрын 31 хувийг модтой хэсэг эзэлдэг. Энэ нь 4 тэрбум га газар гэсэн үг бөгөөд жил бүр 13 сая га газраар багасаж байгаа дүн бий. Дэлхий дээр 100 мянган зүйлийн мод, бут байдаг бол манай орны ойн санг нийт 140 зүйлийн мод, сөөг бүрдүүлдэг. Монгол орны ой бүхий газар нутаг нь Сибирийн тайга, Төв Азийн тал хээрийн дундах экологийн шилжилтийн бүсэд байдаг бөгөөд шилмүүст ой, уулархаг нутгийн тайгын ой, говь цөлийн бүсийн заган ой гэсэн хэсгүүдэд хуваагддаг.
Мод бол хөрсийг эвдрэл, элэгдлээс хамгаалахаас гадна бохирдуулалгүй эрүүл байлгадаг эмч юм. Түүнчлэн өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй фитонцид гэх бодисыг ялгаруулдаг. Энэ бодис нь секундийн дотор үй олон нян, мөөгөнцрийг устгаж чаддаг төдийгүй нэг га талбай дахь навчит ойгоос гурван килограмм фитонцид гаргадаг байна. Мод, ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувиар ихэсгэж, дуу чимээг намсгадаг, зуны улиралд шороо тоосны 50, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаарыг цэвэрлэдэг зэрэг олон талын ач холбогдолтой.
Гэвч мод хэрэглэдэггүй улс, хот, салбар гэж үгүй билээ. Физик-механикийн өндөр чанартай, боловсруулахад хялбар, химийн ба механик боловсруулалтын аргаар шинж чанарыг нь өөрчлөн сайжруулах боломжтой байдаг тул модыг түгээмэл хэрэглэдэг. Үүнээс гадна мод нь цаас ба модлог хавтангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болдог. Хүн төрөлхтөн нэг тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрдаг. Дэлхий дээр минут тутамд 190 тонн цаас хэрэглээнд нэвтэрдэг гэх ганцхан баримтаас л бид модыг хайрлан хамгаалах, мод тарих асуудалд ач холбогдол өгөх ёстой нь харагдаж байна.
МАНДАЛА ГАРДЕН хотхон нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, оршин суугчдынхаа ая тухтай, эрүүл амьдрах нөхцөлийг хангах үүднээс хотхоны нийт 60 хувьд нь ногоон байгууламж, гадна тохижуулалт байгуулахаар төлөвлөсөн.
Мөн хотхоны 3-р ээлж буюу Forest Garden-д Нүүрс хүчлийн хийг багасгах, мод тарьж ногоон орчин бий болгох зорилттой. Зөвхөн мод тарихаас гадна орчноо зүлэгжүүлж гэр бүл найз нөхөдтэйгээ аялаж зугаалж, пикник хийж болохуйц орчинг бүрдүүлж, заавал хотоос гарах шаардлагагүйгээр аялаж зугаалах боломж, нөхцлийг бүрдүүлж өгнө. Цаашид зөвхөн хотхондоо гэлтгүй улс даяар моджуулах аян эхлүүлж, идэвхижүүлэх зорилго тээн ажиллаж байна.
Чиг хандлага
Дэлхий даяар модыг хайрлан хамгаалах, тарьж ургуулах хүрээнд бодит ажил хийж хэрэгжүүлж буй санаачилга, хөдөлгөөнүүд олон байдаг. Жишээлэхэд, Африк эмэгтэйчүүдээс анх удаа Нобелийн шагнал хүртсэн хүн нь Африк тивд 30 сая мод тарьсан Кенийн Вангари Маатай байв.
Гэрэл зурагчин Себастиго Сальгадно эхнэр Лилия Делиуз Вванискийн хамтаар Өмнөд Африкийн бүс нутгийн 129 га талбайг 20 жилийн хугацаанд нөхөн сэргээсэн гайхалтай түүх бий. Тэд ийм талбайг нөхөн сэргээснээр 172 зүйлийн шувуу, 15 зүйлийн мөлхөгч, хоёр нутагтан амьтад тус газар амьдрах болжээ.
Ногоон хөгжил, тогтвортой хөгжил нэн чухал болж буй өнөө үед ой мод, бут ургамлыг хамгаалах, тарьж ургуулахтай холбоотой ажлууд улам бүр эрчимжих нь ойлгомжтой.
Манай улсад харин дээрх жишээнүүдтэй ижил дэвшилт хараахан хэрэгжиж амжаагүй байна. Манай улс 2010 оноос хойш жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэж байгаа нь иргэдийн байгаль, мод ургамлыг хайрлах сэтгэлгээг нэмж байгаа билээ. Энэ жилийн хувьд тус өдөр аравдугаар сарын 12-ны өдөр тохиож байна.
Мод тарьж ургуулах үйлийн бүх л үе шат нь адилхан чухал учраас хүнээс ихээхэн тэвчээр хатуужил шаарддаг. Модны сайн ургах эсэх нь суулгаснаас хойших хоёр жилийн арчилгааг хэрхэн хийхээс шалтгаалдаг.
Мод арчилж ургуулахтай холбоотой зөвлөгөө хүргэе.
- Эрс тэс уур амьсгалтай нийслэлийн орчинд хучлага бүтээлгийг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй. Хучлага нь ургамлыг хэт хүйтнээс, салхины аясаар чийгээ алдахаас, хаврын түлэгдэлтээс хамгаалдаг. Мөн агаарын бохирдлоос үүсэх хөө тортгоос хамгаална. Салхи ба хаврын түлэгдэлтээс хамгаалах бас нэг арга бол модны тулгуур бэхэлгээ юм. Тулгуур бэхэлгээ нь модыг салхинд унах, үндсийг хөдөлгөөнд орохоос сэргийлдэг.
- Хатсан мөчир салаа нь бусад хэсгүүддээ нөлөөлж, модны чийгийг алдагдуулдаг тул болж өгвөл тайрч байх нь зүйтэй. Гэхдээ тайралтыг горимын дагуу хийж гүйцэтгэхгүй бол эсрэг үр дүн авчирдаг.
- Модыг тогтвортой усалбал үндэсний систем бэхжиж ус шингээх чадвар нь сайжирдаг. Тарьсан модонд мал, мэрэгч амьтад гээд дайсан мундахгүй. Тиймээс хашаа барьж, хор цацаж, ойр ойрхон шалгаж байх хэрэгтэй.