Монкон Констракшн ХХК-ийн ХАБЭА-н алба нь Барилга хот байгуулалтын яамны зүгээс жил бүр зохион байгуулдаг “Оны шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах” уралдаанд ХАБЭА-н чиглэлээр оролцож “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 2019 оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарсан билээ. Энэхүү шагналын хүрээнд манай компанийн ХАБЭА-н алба болон Хүний нөөцийн баг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран сайн үйлсийн аяны санал санаачилга гарган, энэхүү аяныг хамтын хүчээр санаа нэгдэн зохион байгуулахаар болсон. Тус арга хэмжээнд бид улсаас ямар нэг тусламж дэмжлэг авдаггүй, өөрсдийн хүчээр олон зуун бяцхан хүүхдийн төлөө харамгүй зүтгэж яваа төдийлөн олны анхаарлыг татаад байдаггүй эгэл даруухан газруудыг сонгох зорилгоор нийслэлийн хэмжээнд байдаг хүүхдийн асрамжийн төвүүдийг ХАБЭА-н багийнхан маань биечлэн очиж судлан, Нархан, Эрдэм, Бадамлянхуа, Манна, Сарнай нэр бүхий хүүхдийн асрамжийн газруудыг онцлон сонгосон.
Ийнхүү бид 2019.09.26-ны өдөр НМХГ, Монголын барилгын салбарын 40 гаруй компанийн ХАБЭА-н ажилтнууд, манай компанийн 10 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр дээрхи асрамжийн газруудад тусамж үзүүлэхээр ажиллаж эхэлсэн. энэхүү арга хэмжээний үеэр олон компаниуд сайн дураараа нэгдэн нэмэгдсээр нийт 70 орчим компанийн 203 ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр 8 өдрийн хугацаанд асрамжийн газруудад гадна болон дотор засал, засвар, цахилгааны монтаж, гэрэлтүүлэг, халаалт, сантехникийн гэх мэт төрөл бүрийн засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. (хашааг солих, дээвэр битүүлэх, гадна шугамын дулаалга солих, тоглоомын талбай тохижуулах, мод тарих, дотор тохижилт болон салхивч засварлах, радиатор, цонх болон хаалга солих, тавилга угсралт гэх мэт засварын ажил хийлээ.) Мөн Хүүхэд бүрээс авахыг хүссэн зүйлсийг нь асууж хүссэн бэлгийг нь хүүхэд тус бүрт зориулан авч бэлэглэлээ. Ийнхүү барилгын салбарын ХАБЭА ажилтнууд нэгэн зорилгын төлөө нэгдэн зүтгэж, сайн үйлсийн аяныг амжилттай дуусгаж анд нөхөд болцгоосон нь энэ удаагийн аяныг онцлог болгосон юм.