Шинэ жил, шинэ он ойртоод ирэхэд бид ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргадаг шүү дээ. Энэ нь өнгөрч буй оны хийсэн бүтээсний тайланг гаргаж, ирэх оны ололт амжилтын эхлэлийг тавьдаг гэлтэй.
Цоо шинэ цаг, сар, жил ирэхэд тун дөхсөн байна. Та 2020 оны төлөвлөгөөгөө гаргаж амжсан уу?
Шинэ онд хийх, хүрэх, бүтээх зүйлсээ одоо л цаасан дээр буулгаж, бодит үйл хэрэг болгох цаг хэдийнээ ирчихсэн байна. “Санаж явбал бүтнэ” гэдэг ардын зүйр цэцэн үгэнд л бүхнийг даатгаж үлдээх гээгүй л юм бол, одооноос зорьсондоо хүрэх төлөвлөгөөгөө боловсруулж эхлээрэй.
Томоор бодож, жижгээр эхлэх нь бизнес эрхлэгчид, шинийг бүтээгчид, өөрчлөлтийг бүтээгч лидерүүдийн баримталдаг зарчим. Энэхүү зарчмыг ашиглан өөрийн шинэ оны том төлөвлөгөөндөө хэн нь “босс” болохыг харуулаад өг. Яаж хэрэгжүүлэх вэ гэж үү? Дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.
1. Жил, сараар хуваасан төлөвлөгөөний дэвтэр худалдаж авах эсвэл өөрөө ийм дэвтэр зохиож хийсэн ч болно. Нээгээд, хамгийн эхний хуудас дээр нь “Миний энэ жил төлөвлөсөн, хүссэн бүхэн санасан ёсоор сэтгэлчлэн биелэх болно” гэж бич.
2. Дараа нь өөртөө энэ жилд тавьж байгаа хамгийн том зорилгуудаа жагсаагаарай. Ирэх 12-р сар гэхэд томоохон худалдан авалт хийсэн байна, худалдан авалтынхаа эхлэлийг тавьсан байна гэдэг ч юм уу, эсвэл гэр бүлтэйгээ илүү олон цагийг хамт өнгөрөөнө, ажилдаа ахиц гаргана, боловсролоо дээшлүүлнэ, гадаад, дотоодын үзэсгэлэнт газруудаар аялна, гадаад үзэмждээ анхаарна, дотоод сэтгэл санааныхаа хувьд ямар болсон байхыг хүсэж байгаагаа гээд том жижиг гэлтгүй бүгдийг нь биччих. Зорилгоо бичихдээ анхаарах хэдэн зүйл бий:
• Зорилго чинь тодорхой, биелсэн эсэхийг нь хэмжиж болохуйц байх ёстой.
• Зорилго болгон хаяхад биш олж авахад чиглэгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, өрнөөсөө гарна гэхийн оронд цалингаа бүтнээр нь авдаг болно, нэмнэ гэдэг ч юмуу. Энэ үед хүн хүсэхгүй байгаа зүйлдээ биш, үнэхээр хүсч байгаадаа анхаарлаа төвлөрүүлдэг.
• Зорилго бүр биелэх боломжтой байх ёстой. Бодитоор харахад биелэхгүй байх магадлал 90 хувьтай бол бичихгүй орхиж болно. Учир нь энэ нь дараа нь таныг сэтгэлээр унахаас сэргийлнэ.
• Зорилго бүр цаг хугацааны хязгаартай байх нь маш чухал. Учир нь энэ нь хүнийг яаруулж, тэр зүйлийнхээ төлөө шаргуу хичээхэд хөшүүрэг болдог. 3-р сар гэхэд гадаад хэлний сургалтад сурна, эсвэл ойрын жилүүдэд тусдаа гарна, эсвэл хуучин орон сууцаа шинэчилнэ гэх мэт.
3. Зорилго бүрээ дэвтрийнхээ жилийн календарьчилсан төлөвлөгөөний хэсэг дээр өнгө будгаар ялган тэмдэглэ. Тэмдэглэхдээ хувь хүнийхээ хувьд хөгжүүлэх зүйлсээ цэнхэр өнгөөр, гэр бүлийнхээ хүрээнд сайжруулах юмсаа ягаан өнгөөр, худалдан авах гэж байгаа зүйлээ шар өнгөөр гэх мэтээр ангилан будаж болно. Ингэснээр чи энэ жилд ерөнхийдөө аль талбарт илүү “хүч хаях” ёстой гэдгээ мэдэж авна.
4. Одоо бичсэн зорилго бүрдээ нэг бүрчлэн “газрын зураг” зурах ёстой. Баруунаас зүүн тийш нэг урт шугам зураад, хамгийн баруун захын цэг дээр тухайн зорилгынхоо биелсэн байх он сарыг, үйл хэрэгтэй нь хамт бичиж тавина. Тэгээд тэр цагт үүнийг хийсэн байхын тулд нэг сарын өмнө юуг бэлэн болгосон байх ёстойгоо өмнө нь дахин нэг цэг зоож байгаад бичих маягаар нэг сар хүртэл “арагш харж” төлөвлөөрэй. Ингэхгүйгээр, зөвхөн хамгийн цаад талын зорилгыг зоогоод “урагш харж” төлөвлөвөл цагийн баримжаа алдах, ямар нэг зүйлийг мартаж орхигдуулах зэрэг тохиолдлууд гардаг юм шүү.
5. Жилийнхээ ерөнхий төлөвлөгөөг ингээд гаргачихлаа. Одоо түүндээ нийцсэн сарын төлөвлөгөөгөө гаргах л үлдлээ дээ. Үүний тулд бүх “газрын зураг”-ынхаа хамгийн зүүн талд бичигдсэн, өөрөөр хэлбэл, чиний тодорхойлсон эхний алхмуудаа нэг дор мөн адил жагсааж бичиж байгаад эхнээс нь хэрэгжүүлж эхлээрэй.
Бүгдийг хийсний дараа, чиний өмнө бүх зорилго чинь биелэхэд тун ойрхон, боломжтой, юу юугүй гарт баригдах гэж байгаа аятай тод томруун үзэгдэх болно. Шинэ онд дахиад нэг удаа том амжилт хүсье.
Ингээд дахин нэг сонирхолтой жил айсуй.