Анивчдаг гацуур, үлээдэг бөмбөлөг, хөшигний дээгүүр тавьсан саа. Та гэртээ шинэ жилийн уур амьсгалыг ердөө ийм хэдхэн зүйлээр оруулах гэж байгаа юм биш биз? Бүтээлч сэтгэлгээтэй та бидний хялбар зөвлөмжүүдээс санаа авч, өөрийн гараар онцгой чимэглэл бүтээгээрэй.
Тэнгэрийн элчийн суудал
Таны хувьд хүүхдүүд чинь тэнгэрийн элчээс ялгаагүй. Тэдэнд хоолны ширээний ард суух бүрдээ сахиусан тэнгэр гэдгээ мэдрэх боломжийг олгоцгооё. Ингэхийн тулд танд цагаан өнгөтэй хос далавч байхад л хангалттай. Тэдний суудаг сандлын ар талд тэднийг бэхэлж өгөөрэй. Энгийн хирнээ таны гэр бүлийнхнийг баярлуулах болно. Эсвэл та тэр далавчийг ханын цагийнхаа хойно, гэр бүлээрээ авахуулсан том зургийнхаа хойно бэхэлж болох юм. Цаг хугацаа ч тэр, таны хайртай хүмүүс ч тэр бүгд л жигүүртэй шүү дээ.
Ил захидлан чимэглэл
Та гэртээ байгаа өмнөх жилүүдийн шинэ жилийн баярын мэндчилгээ бүхий ил захидлуудыг цуглуулаад тэдгээрээр гэрээ чимж болно. Бүх мэндчилгээнүүдээ нийлүүлж ханандаа гацуурын хэлбэр үүсгэн наагаарай. Эсвэл хананыхаа энд тэнд ч наасан болно. Урт тууз эсвэл утсан дээр бүгдийг нь тохож бэхлээд ширээний дээр, зурагтынхаа хойно, хаалган дээр гэх мэт газар өлгөж болно.
Үсэг үсгээр нь
Таны хүүхдэд үг эвлүүлдэг үсэг үсгээрээ салангид тоглоом бий юу? Тэгвэл тийм тоглоомыг ашиглан “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн үгийг бүтээгээд чамин таваг, эсвэл тавиур дээр өрөн гэрийнхээ жижиг буланг баярлуул. Мөн өнгийн цааснуудыг үсгийн хэлбэрээр хайчилж, ханан дээрээ наагаарай.
Хясаан өнгөтэй чимэглэл
Шинэ жил бол жилийн хамгийн цагаахан баяр. Танд хясаан солонгорсон цагаан өнгөтэй товч, эсвэл хиймэл сувд байвал тэднийг даавуун дээр хэлхэж оёод, жаазалж өлгөх эсвэл тоглоомуудыг гоёх зэргээр чимэглэж болно.
Гэр бүлийн мод
Гэр бүл гэдэг бол нэг үндсээс улбаатай, бие биеэсээ хэзээ ч тарахгүй бат бөх холбоо юм. Энэ санааг та өөрийнхөө гацуурын чимэглэлээр илэрхийлж, гэр бүлийнхнээ баярлуулж болох юм. Гацуураа улиг болсон бөөрөнхий тоглоомоор чимэхийн оронд, гэр бүлийнхнийхээ янз бүрийн зургийг жижиг хэмжээтэй угаалган, дээр нь утас зүүж өлгөх нь дотнын хүмүүст тань дулаан сэтгэгдэл төрүүлэх болно.
Жигнэмэгэн байшин
Жигнэмэг, өрмөнцөр хоёроор та жижигхэн хотхон байгуулж болно. Олон жигнэмгүүдээ өрмөнцөр эсвэл хайлуулсан ирисний тусламжтайгаар дээр дээрээс нь давхарлан өрж байшин шиг хэлбэртэй болгоод, яндан, дээврийг нь хөөсөн чихрээр чимэглээрэй. Дээр нь олон өнгийн үрлэн чихрүүд наасан ч болно. Жигнэмэгэн байшин нь таны гэрийг чимэхээс гадна дараа нь идэхэд ч амттай.
Алтан боргоцойт гацуур
Та цөмж дууссан самрынхаа боргоцойгоор өвөрмөц гацуурын чимэглэл хийгээрэй. Гадна талыг нь алтлаг, мөнгөлөг хумсны эсвэл шүршдэг будгаар будаад, дээр нь утас өлгөхөд л хангалттай. Хүсвэл будгаа хатаагүй байхад нь саанд өнхрүүлж болно. Мөн хатсан хойно нь дээр нь фломастераар гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг бичих нь тун сайхан сэтгэгдэл төрүүлнэ.
Бүтээлчээр гэрээ чимэх
Танд бяцхан уран сэтгэмж, шинэ жилийн өмнөх уур амьсгал байхад л хангалттай. Энэ нь гэртээ сэтгэл хөдөлгөм баярын орчин бүрдүүлэх хамгийн энгийн арга юм. Үүнээс гадна лаа нь орчин тойрондоо халуун дулаан, ая тухтай уур амьсгал бий болгодог онцлогтой. Тэгэхээр танд айл бүрд байдаг хамгийн энгийн зүйлсийн нэг болох поднос буюу суурь, лаа бас хэд хэдэн гацуурын чимэглэл хэрэг болно.
Дурын нэг энгийн тасалгааны дүүжин ургамлыг тууз болон хонхнуудын тусламжтайгаар гайхамшигтай чимэглэл болгож болно. Ургамал нь хиймэл ч байж болно.
Дурын хэмжээтэй ямар ч хамаагүй зургийн хуучин жааз шинэ жилийн чимэглэлд амархан хувирч болно. Мөн өнгө өнгийн өөр өөр хэмжээ, хэлбэртэй гацуурын чимэглэл аваад том шилэн цом эсвэл жирийн нэг тунгалаг вааранд хий. Ийм чимэглэлийг шинэ жилийн баярын ширээн дээр тавьсан ч болно. Мөн ялангуяа та шинэ жилийн үдэш хамаатан садан найз нөхдөө хүлээн авах гэж байгаа бол өрөөгөө чимэглэх зайлшгүй шаардлагатай.
Чимэглэлийн урт утсан сааг төмөр утсанд сүлжиж түүнийгээ янз бүрийн гоёмсог хэлбэрт оруулж холбоосон дээр нь хурц тод өнгийн бөмбөлөг, хонхоор бэхэлж гэрлийн бүрхүүл толин дээрээ зүүгээд үзээрэй.
Мөн гэрээ цасан ширхгээр хучигдсан мөчрөөр чимбэл илүү тансаг үлгэрийн юм шиг харагдана. Үүнийг хийхэд хэцүү биш. Цагаан хөөсөнцрийг үрүүлээр үрээд мөчир дээр нь цавуугаар хөнгөхөн тогтооход л болчихно тэр.
Сүлд модоо хэрхэн чимэглэх вэ
Хөвсгөр, мөнгөлөг цэцгэн хэлхээ /саа/ болон бөмбөлгөөр гацуурын их биеийг бүхэлд нь нямбай, жигд ороогоорой. Мөн ногоон эсвэл шар өнгөтэй цэцгэн хэлхээ, бөмбөлөг ч гоёмсог харагдах болно. Жирийн цагаан хөвөнгөөр гацуурын их биеийг тулж байгаа гурван хөлт тулгуурыг битүү ороож дээр нь саа цацах, мөн гацуурын иш бүр дээр нарийн, нимгэн цагаан хөвөн тавьж чимэглэх нь цасанд дарагдсан гацуур мэт гоё сүрлэг харагдана. Гацуураа тоглоом, саагаар бүрэхийн өмнө гэрлэн чимэглэлээ зүүх хэрэгтэй. Гэрлэн чимэглэлийн тал жижиг байх тусам гацуур чинь гоёмсог, өвөрмөц харагдана.