Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг “Энтрепренер буюу Оны онцлох аж ахуйн нэгж”-үүдийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ 12-р сарын 20-нд шилдгүүдээ тодруулж, “Монкон констракшн” ХХК Барилгын салбарын “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа.
2010 онд барилга угсралт, менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан “Монкон констракшн” ХХК өнөөдөр 800 гаруй ажилтантай болон өргөжиж, барилгын зураг төсөл, угсралт, ашиглалт үйлчилгээг багтаасан барилгын менежментийн цогц үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж болоод байна.
“Монкон констракшн” ХХК нь улсын болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын барилгын төслүүдэд гүйцэтгэгчээр ажиллаж, Оюу Толгойн их бүтээн байгуулалтын нэг хэсэг болон мэргэжлийн туршлагын их ололттой байгаагаас гадна өөрсдийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Салбарын хөгжлийн чиг хандлага, ирээдүйг тодорхойлох нарийн судалгаа, тооцоолол нь өөрсдийн бүтээх “үнэ цэнэ” гэж үзэн, хэрэгжүүлж буй аливаа төсөлдөө үүнийг тусгадаг нь Монкончуудын амжилтын үндэс, нэрийн хуудас гэж харагдаж байна.
Төсөл хэрэгжүүлэгч байснаараа энэ салбарын мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилчдыг тогтмол ажлын байраар хангаж, эрсдэл болон сорилтыг инженерингийн шийдлээр давж гардаг чадварлаг боловсон хүчнийг бий болгож, мэргэжлийн өрсөлдөөнийг дэмжиж, өөрсдийн арга барилаар салбарын хөгжилд хурдасгуур болон ажиллаж байна.
Үдэж буй энэ онд тус компани 3.3 сая хүн-цаг аюул осолгүй ажиллаж, хөдөлмөр хамгааллын сахилга батын үзүүлэлтээрээ амжилтаа тодорхойллоо. Бүтээн байгуулалтын үзүүлэлт нь 2019 онд нийт 100 мянга орчим м.кв талбай бүхий угсралтын ажил, 190 мянган орчим м.кв талбай бүхий заслын ажил гүйцэтгэсэн бөгөөд нийт 427 айлын орон сууцны барилга ашиглалтад оруулжээ.
Шинэ дэвшилтэт техник технологи, менежментийг хэрэгжүүлдэг “Монкон констракшн” ХХК нь шинэхэн төслүүд болох 2021 оны 2-р улиралд ашиглалтад орох Мандала Гарден хотхоны 1-р ээлжийн угсралтын ажил энэ онд эхэлсэн бол мөн онд бүрэн ашиглалтад оруулах, үйлчилгээтэй 25 давхар, өндөр зэрэглэлийн орон сууцны “Мандала Тауэр” төслийг холимог бүтээцлэлтэй, архитектур болон инженерингийн шинэлэг шийдлээр хийгдэж байгаа бол өөрийн хөрөнгө оруулалтаар оффисын зориулалттай “Нью хоризонс” төсөл одоо үргэлжилж 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Өндөр зэрэглэлийн “Мандала Тауэр” төсөл нь өвөрмөц, шинэлэг экстерьер дизайнаар НАВЧИН хэлбэр бүхий дахин давтагдашгүй өнгө төрхтэй, Монголын хүйтэн өвөлд нийцэх технологийн шийдлийг тусгасан шилэн болон гоёлын алиминум фасадтай, 25 давхар, өндөр зэрэглэлийн орон сууц юм.
Архитектурын үндсэн концепцийг Испанийн архитектор гаргасан бөгөөд хүн төрөлхтний хүлээн зөвшөөрсөн орчин цагийн архитектурын бүтээгч Антонио Гаудигийн өвөрмөц шийдлийг санагдуулахаар энэхүү тауэр манай хотод сүндэрлэхээр бүтээн байгуулж байна. Тус барилга нь 1-3-р давхардаа үйлчилгээ, 4-23-р давхарт орон сууц, 24-25-р давхардаа пентхаус гэсэн зохион байгуулалттай байхаар төлөвлөгджээ.
Мандала Тауэр төсөл нь барилгын чанар, стандартын бүхий л үзүүлэлтийг зохих дээд төвшинд хангаж төлөвлөгдсөн ба хөрс, ус, салхины нэмэлт тооцоог Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварчлал, лабораторийн туршилтын хамт хийсэн байна. Жишээ нь өндөр барилгыг төсөллөхдөө салхины ачааллыг тооцох “Wind Tunnel Test”-ийг Австралийн лабораторид хийлгэсэн бол ямар нэг норм дүрмээр шаарддаггүй нэмэлт судалгаа болох өндөр барилгын дэргэдэх явган явж буй иргэдэд салхины нөлөөллийг үзүүлэх “Pedestrian Wind Comfortable” туршилтыг ч мөн хийлгэж тооцоолсон байна. Энэ мэтчилэн загвар, тооцоонд өндөр ач холбогдол өгч, зөвхөн сууринд 12 давхар хоёр барилгатай тэнцэхүйц хэмжээний арматур, бетон ашиглаж цутгалтыг нэг дор тасралгүй хийж, М500 маркийн өндөр үзүүлэлттэй бетон ашигласан.
Мандала Тауэрийн хяналтын камер, нэгдсэн ус цэвэршүүлэх систем, ус алдалт, автоматжуулалт, галын дохиолол, халаалт, агааржуулалт хөргөлт, эрчим хүч зэргийг нэгдсэн байдлаар барилгыг хянах зорилгоор BMS (Building Management System) систем хэрэгжүүлэх ба орчин цагийн өндөр зэрэглэлийн барилгын шалгуур үзүүлэлт хангасан жишиг барилга болгохоор Монкон Констракшн ХХК төлөвлөн ажиллаж байна.
“Мандала Гарден” хотхон төсөл нь шинэ суурьшлын “А” зэрэглэлийн бүсэд 10 га газарт байрлах 1200 айлын орон сууцны төсөл юм. 2021 оны 2-р улиралд эхний ээлж нь ашиглалтад орох Мандала Гарден хотхон нь AWT (Animal, Water, Tree garden) гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Хотхоны 60 хувьд нь олон төрлийн мод, бут бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаас гадна айл бүрт хүрэлцэх автомашины дулаан болон ил зогсоол, худалдаа үйлчилгээний төв, амралт, чөлөө цагаа өнгөрөөх гишүүнчлэлийн эрхтэй ашиглалт бүхий дээвэр, ахмадын талбай, усан байгууламж, хотхоныг бүтэн тойрох 1.2 км гүйлтийн болон дугуйн зам, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, спорт цогцолбор гэсэн зохион байгуулалттай юм байна.
Монкон Констракшн ХХК-ийн бүтээн байгуулалт, ажлын үр дүнд Барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулдаг “Оны шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах” уралдаанд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 2019 оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарсан бол олон улсын хэмжээнд мөн үнэлэгдэж Азийн үл хөдлөхийн салбарын дээд шагнал болох “Asia Property awards”-аас “Азийн Шилдэг Архитектур дизайнтай орон сууц” шагналыг “Мандала Тауэр” төслөөр авч 2020 онд тохиох 10 жилийн ойгоо амжилт, бүтээн байгуулалтаар угтаж байна.
Өнгөрч буй онд “Монкон констракшн” ХХК-тай тууштай хамтран ажиллаж, энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болоход хамтран ажилласан харилцагчид, гүйцэтгэгч байгууллагууд, үйлчлүүлэгчид, захиалагчиддаа шинэ оны мэнд хүргэж, ирэх ондоо амжилт, бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөж, мэндчилгээ дэвшүүлж байна.