Монкон Констракшн компанийн барьж дуусгасан Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилгын нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хүрэлцэн ирж, барилгатай танилцлаа.
2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилгын шав тавих ёслол хийж байсан бол гурван сарын дараа ийнхүү ашиглалтад оруулж байна.
Энэхүү төслийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яамтай хамтран ерөнхийлөн удирдаж Дэлхийн Банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах зорилгын хүрээнд хэрэгжүүлжээ.
Энэхүү агуулахын барилга нь нийт 1 686 ам дөрвөлжин метр талбайтай бөгөөд дотроо хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай, өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дэвшилтэт технологи, шийдэлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй ажиллагааг хангасан бүтээн байгуулалт юм.
Энэхүү төслийн цаг хугацаанд нь амжуулж дуусгахад гар бие оролцсон менежер, инженерүүд, туслан гүйцэтгэгч болон материал ханган нийлүүлэгч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.