Ажлын ачаалал, стрессийг бид гэр орныхоо тав тухтай орчинд л ирж тайлж, аз жаргалтай мөчүүдээ мөн л гэртээ өнгөрүүлдэг. Тиймээс гэр орон гэдэг бидний хамгийн чухал үнэ цэнэтэй өв билээ. Харин дараах шинж илэрч байвал та орон сууцаа солих тухай бодож үзээрэй.
Сантехник тааруу
Дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам нь хуучирч, байнгын засвар шаардаж, сэтгэл санааны дарамтад оруулдаг. Гэр орны аливаа жижиг асуудлыг бид яаж ийгээд шийдчихдэг. Харин сантехник бол тийм ч амар шийдэгддэг асуудал биш юм.
Хоолой цоорох, паар хагарах, боолтоос ус шүүрэх зэргээс үүдэн таны одоо буй байрнаас ойр ойрхон ус алдаж таныг зовоодог бол танай байр сантехникийн тааруухан шийдэлтэй гэсэн үг. Та бүгдийг нь чанартай болгож сольж янзалсан ч дээд айлаас бас л ус алдах тул асуудал бүрэн шийдэгдэхгүй. Товчоор хэлбэл таны эд хөрөнгөнд байнга хохирол учирсаар байх тул боломж гарвал орон сууцаа солих болсны шинж мөн.
Аюулгүй байдал
Нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хамгийн их хохирол учруулдгаараа газар хөдлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болдог. Газар хөдлөлтийн нөлөөнд тэсвэргүй барилга байгууламж, дэд бүтэц нь хүн амыг эрсдэлд оруулж байна.
Тухайлбал, Улаанбаатар хотод 4 баллын газар хөдлөлтөд нурах аюултай, ашиглалтаас гарсан 150 барилга байдаг аж. 1960 оноос өмнөх барилгууд цагийн аясаар элэгдэлд орсон. Харин дараагийн 1960-1990 оны барилгуудын 1-р давхрууд өргөтгөл болгон ашиглахаар ханаа нураасан нь хүний нөлөөтэй байдлаар барилгын бүтцэд өөрчлөлт оруулж, газар хөдлөлтийн эрсдэлтэй болоход нөлөөлсөн байна.
Дулаан алдагдал ихтэй, хүйтэн
Улаанбаатар хотод 1965-2000 онд барьж ашиглалтад орсон 1600 гаруй орон сууц байдаг бөгөөд эдгээр орон сууцууд ашиглалтад ороод удсан учраас хана, шал, таазны зай завсраар дулаанаа алдаж, дулааны хувийн алдагдал норматив хэмжээнээс 35-40 хувиар нэмэгджээ. Дулааны алдагдал ихтэй байх нь эрчим хүчний хэрэглээг тэр хэрээр нэмдэг. Ер нь айл өрхийн тасалгаа 18-20 хэм байх ёстой. Айл өрх бүхэн л өөрийн гэртээ тав тухтай, өвлийн жиндүү хүйтэнд дулаан тухтай байхыг хүсдэг. Гэвч бидний нэрлэж заншсанаар хуучны гэгдэх орон сууцууд энэ асуудлыг шийдэж чадахаа болиод байна.
Сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалагчдын ажиллагаа муу
Сар бүр төлдөг СӨХ-ийн мөнгө юунд зарцуулагдаж байгааг оршин суугчид мэддэггүй, үүндээ бухимдах нь элбэг. Орцны цэвэрлэгээ тогтмол бус, шатсан гэрлээ солихгүй байна, хотхоны эвдэрсэн зүйлсийг засахгүй байна, цоож ажиллахгүй байна гэхэд “Хуримтлал байхгүй” гэсэн хариу сонсоно. Харамсалтай нь үйл ажиллагаа нь ил тод бус, үйлчилгээ тааруу ийм СӨХ-үүд элбэг байдаг.
Хэрэв танай СӨХ-ийн төлбөр нь өндөр мөртлөө үйлчилгээ нь тааруухан бол орон сууцаа солих тухай бодож үзээрэй. СӨХ асуудалтай хотхонд амьдрах нь тав тухгүйгээс гадна үл хөдлөхийнхөө хувьд үнэ цэнэ нь ирээдүйд унах эрсдэлтэй.
Үнэ цэнээ алдсан
Хотын төвд байршил сайтай л биш бол арилжааны банкнууд хуучны орон сууцыг зээлийн барьцаанд авах сонирхолгүй. Орчин үеийн трэнд, хүмүүсийн сонирхолд нийцэхээ байсан. Энэ бүгдээс хамааран зах зээлд эрэлт нь буурч, үнэ нь унасаар байгаа учир.
Орчны зохион байгуулалт тааруу
Хэрэв таны амьдарч буй орон сууцанд хүүхэд тоглох, хөгшид салхилах талбайгүй, мод зүлэггүй, автомашины зогсоол хүрэлцээгүй, харуул хамгаалалт сул бол та байраа солих цаг болсон байна.
Хүүхдүүдээ гадаа тоглуулахаар гаргачихаад араас нь санаа зовж суух нь хүндрэлтэй байдаг. Өнөө үед орон сууцны дотоод тохижилт төдийгүй хотхоны гадаад орчны зохион байгуулалт амьдралын салшгүй нэгэн чухал хэсэг болсон.
Машины хөдөлгөөнөөс тусгаарласан тоглоомын болон спортын талбай, ногоон орчин, худалдаа үйлчилгээний төв бүхий хотхоны зохион байгуулалт нь тав тухтай амьдрах орчныг бүрдүүлээд зогсохгүй орон сууцыг ирээдүйд өсөх үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө болгож чаддаг. Орчин сайтай газарт орон сууц худалдан авснаар та хожим бага үнээр зарагдахвий, түрээслэх хүн олдохгүй байх вий гэж санаа зовох шаардлагагүй.
Холбоотой мэдээлэл: http://moncon.mn/post/26238